images

Элчин сайд Ж.Оюунбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-д суралцах 26 оюутныг Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудалд угтан авч, уулзав.

Хэвлэлийн мэдээ

2026-07-06

268

Элчин сайд Ж.Оюунбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцахаар хүрэлцэн ирсэн 26 оюутныг Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудалд угтан авч, уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Ж.Оюунбаатар Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа олон арван жилийн баялаг түүхтэй болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсаас анхны оюутнуудыг Герман Улсад 1926 онд суралцуулахаар илгээж эхэлсэн бөгөөд энэ түүхэн үйл явдлын 100 жилийн ой энэ жил тохиож буйг дурдлаа. Мөн өнгөрсөн хугацаанд 35 мянга гаруй монгол иргэн ХБНГУ-д суралцаж, боловсрол эзэмшин эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд цаашид “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Дрездэний Их сургуульд суралцахаар ирсэн оюутнуудад чин сэтгэлийн баяр хүргэж, энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглан эрдэм мэдлэгээ гүнзгийрүүлж, мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин болон төлөвшихийг хүсэн ерөөв.

Тэрбээр оюутнуудад сурлага, сахилга бат, хөдөлмөрч зан чанарыг эрхэмлэн, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж, хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Элчин сайд Герман Улсад суралцах хугацаандаа хууль тогтоомжийг чанд мөрдөж, бие биедээ туслан дэмжиж, сурлагадаа шамдан, эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвар эзэмшихийг ерөөв.