images

“Наадам 2026” Германы Саксони мужийн Кемниц хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Хэвлэлийн мэдээ

2026-06-22

46

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХБНГУ дахьИ А Э ТББ-гаас зохион байгуулсан “Наадам 2026” 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Кемниц хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ж. Оюунбаатар, атташе Г.Туул нар оролцож, энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Монголын соёл, ёс заншил, үндэсний урлаг, спортыг хилийн чанадад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй “Хүчтэн” дэвжээний хамт олон, ноён Оливер Трейдель, хатагтай Т.Уранчимэг, Б.Алтантуяа, Н.Цэцгээ болон ”Илгээлт-2100” хөтөлбөрийн оюутнууд нийт уран бүтээлчид, сайн дурын ажилтнууддаа Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Энэхүү наадам нь үндэсний баяраа тэмдэглэхийн зэрэгцээ Монгол, Германы ард иргэдийн нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улс соёлын дипломат бодлогыг гадаад харилцааныхаа чухал тулгуурын нэг хэмээн үздэг бөгөөд хилийн чанадад зохион байгуулагдаж буй ийм арга хэмжээ бүр Монгол Улсыг сурталчлах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг.

Арга хэмжээнд ХБНГУ болон БНЧУ-д оршин суугаа монгол иргэд өргөнөөр хүрэлцэн ирж, оролцлоо.

Түүнчлэн Саксони муж улсын парламент болох Ландтагийн гишүүн ноён Матиас Бергер болон бусад хүндэт зочид уригдан ирж, монгол бөх, шагайн харваа, урлагийн тоглолт, үндэсний хоол зоогоор дамжуулан Монголын нүүдэлчин соёл иргэншлийн өвөрмөц онцлог, баялаг өв уламжлалтай танилцлаа.