images

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцов

Хэвлэлийн мэдээ

2026-06-22

61

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр 2026 оны 6 дугаар сарын 18–19-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцож, сайд нарын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.

Тэрээр уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудал нь өнөөгийн улс төр, нийгэм, байгаль орчны тулгамдсан сорилтын нэг болж буйг тэмдэглэж, уг асуудлыг зөвхөн шилжилт хөдөлгөөний хүрээнд бус, хөгжлийн бодлого, тэсвэрлэх чадавх болон хүний эрхийн асуудалтай уялдуулан авч үзэх шаардлагатайг онцлов.

Монгол Улсын хувьд газрын доройтол, ган гачиг, усны нөөцийн хомсдол нь орон нутгийн иргэд, уламжлалт мал аж ахуйд бодит нөлөө үзүүлж байгааг дурдаж, газрын нөхөн сэргээлт, тогтвортой амьжиргаа, уур амьсгалын дасан зохицлыг бэхжүүлэх нь орон нутгийн тогтвортой байдал, иргэдийн сонголтыг хадгалах үндэс болохыг тэмдэглэлээ.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулагч орны хувьд газрын доройтол, уур амьсгалын тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргаа, хүний хөгжлийн асуудлыг нэгдмэл бодлогын хүрээнд авч үзэж, уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж буйгаа илэрхийллээ. 

 Түүнчлэн Форумаас дэвшүүлж буй Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчим”-ыг дэмжиж, хүний эрхэд суурилсан, хүн төвтэй, хөгжлийг дэмжсэн олон талт хамтын ажиллагааг ахиулах байр сууриа нотлов.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх улс төр, бодлогын түвшний ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой тус форумд дэлхийн 50 гаруй улсын Төрийн тэргүүн, салбарын сайд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны нийтлэг чиглэл, бодлогын арга замыг 2 өдрийн турш хэлэлцлээ. Форумын үр дүнд Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчим”-ыг 52 улс дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.