images

ЭЛЧИН САЙД Ж.ОЮУНБААТАР БОНН ХОТ ДАХЬ НҮБ-ЫН ТӨВИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Хэвлэлийн мэдээ

2026-06-09

56

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ХБНГУ-ын Бонн хот дахь НҮБ-ын төвийн “UN Bonn Open House 2026” өдөрлөгт урилгаар оролцов.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсад 70 хоногийн дараа зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ын талаарх танилцуулгыг тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас хийж, Элчин сайд Ж.Оюунбаатар үг хэллээ.

Элчин сайд хэлсэн үгэндээ “өнөөгийн дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл чухал” болохыг онцлон тэмдэглээд, COP17 бага хуралд талууд, түншүүд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон оролцогч бүх талууд өндөр түвшинд оролцохыг уриалав. 

Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, тус арга хэмжээг зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стилл нарт талархал илэрхийллээ.