images

“Дюссельдорф Их Дуулга-2026” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Хэвлэлийн мэдээ

2026-05-26

75

ХБНГУ дахь “НРВ муж дахь Герман-Монголын Үүд” нийгэмлэгийн дэргэдэх “Монгол Залуус Клуб”-ийн санаачилгаар “Дюссельдорф Их Дуулга-2026” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 23–24-ний өдрүүдэд Дюссельдорф хотноо болж өндөрлөв.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Э.Амирлин, “НРВ муж дахь Герман-Монголын Үүд” нийгэмлэгийн тэргүүн Э.Ариунсайхан нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн “НРВ муж дахь Герман-Монголын Үүд” нийгэмлэгийн дэргэдэх Соёл сургуулийн Морин хуурын “Сонор чуулга”, Үндэсний урлагийн их театрын бүжигчин, СТА Болор нар урлагийн тоглолтоороо үзэгч олонтой мэндчиллээ.

 Хоёр өдрийн турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дүнд шилжин явах “Дюссельдорф Их Дуулга” цомын эзэд тодорлоо. Шагналт байр эзэлсэн баг, тамирчдад зохион байгуулагч болон ивээн тэтгэгчдийн зүгээс медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулав.

 Тэмцээний дүнгээс танилцуулбал:

Эрэгтэйчүүдийн төрөлд:
🥇 1-р байр – Цогт (Чех)
🥈 2-р байр – Lions (Нидерланд)
🥉 3-р байр – Frada Nomads (Герман)

Эмэгтэйчүүдийн төрөлд:
🥇 1-р байр – MBF-Berlin (Герман)
🥈 2-р байр – TURBO (Герман)
🥉 3-р байр – Empire (Герман)

Мөн энэ удаагийн тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор MBF-Berlin багийн тамирчин О.Ариунзаяа, шилдэг эрэгтэй тоглогчоор Цогт багийн тоглогч Б.Бямба-Очир нар шалгарч, MVP цомын эзэд болов.

Тус тэмцээн энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Герман, Чех, Нидерланд, Франц улсаас эрэгтэй 15, эмэгтэй 7 багийн нийт 200 орчим тамирчин оролцсон нь тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг харуулж байна.

Энэхүү тэмцээн нь хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч буй монгол залуусыг спортын дор нэгтгэх, бие бялдар, эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ эв нэгдэл, багийн ажиллагаа, харилцан хүндлэл, хамтын үнэ цэнийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр байгаа тул  тэмцээнийг санаачлан, өндөр түвшинд зохион байгуулсан “НРВ муж дахь Герман-Монголын Үүд” нийгэмлэг, “Монгол Залуус Клуб” болон дэмжин оролцсон байгууллагууд, оролцогч, дэмжигчдэд ЭСЯ-ны зүгээс таларлах илэрхийлж байна.

Спортын алдар бадарч, нөхөрлөл, эв нэгдлийн үнэ цэнэ улам өргөжин дэлгэрэх болтугай. “Дюссельдорф Их Дуулга-2027” тэмцээнээр дахин уулзахын ерөөлийг дэвшүүлье.