images

Морин хуурын “Сонор” чуулгын “СОНОР МЯЛААХ АЯЛГУУ” тоглолт Дюссельдорф хотноо зохион байгуулагдав

Хэвлэлийн мэдээ

2026-05-18

184

ХБНГУ-ын “НРВ муж дахь Герман-Монголын үүд” нийгэмлэг болон монгол хэл, соёлын “Соёл” сургууль хамтран морин хуурын “Сонор” чуулгын уран бүтээлчдийн “СОНОР МЯЛААХ АЯЛГУУ” тайлан тоглолтыг 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Германы Дюссельдорф хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус тоглолтод морин хуурын “Сонор” чуулга, ятгын “Сондор” хамтлаг, ардын болон сонгодог урлагийн дуучид оролцож, Германы өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн монгол иргэд болон герман үзэгчдэд морин хуур, ятга болон дууны уран бүтээлүүдээ толилуулав.

Арга хэмжээнд ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Мөнхцэцэг, атташе Г.Туул нар оролцож, зохион байгуулагчид, уран бүтээлчид болон хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүллээ. Элчин зөвлөх Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээ нь Монголын үндэсний урлаг, соёлын өвийг хилийн чанадад сурталчлан таниулахын зэрэгцээ Монгол, Германы ард иргэдийн соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.

Герман улсад оршин суугаа монгол хүүхэд, залуу үед эх хэл, үндэсний соёл, өв уламжлалаа өвлүүлэн таниулах үйлсэд тус улс дахь монгол иргэдийн сайн дурын байгууллага, нийгэмлэгүүд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Тэдгээрийн нэг болох “НРВ муж дахь Герман-Монголын үүд” нийгэмлэг нь Монголын өв соёлыг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн уралдааныг дэмжин ажилладаг юм.

Монгол хэл, соёлын “Соёл” сургууль нь монгол хэл, морин хуур, үндэсний бүжиг, дүрслэх урлаг зэрэг олон чиглэлээр сургалт зохион байгуулж, хүүхэд, залуу үед үндэсний үнэт зүйлсээ өвлүүлэн төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тус сургуулийн морин хуур, ятгын сургалтад хүүхдүүдээ хамруулахын тулд өөр хотуудаас хүртэл зорин ирдэг эцэг эх, гэр бүлүүд цөөнгүй байдаг ажээ.

Монгол хэл, соёл, үндэсний өв уламжлалыг хилийн чанадад сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй дээрх байгууллагуудын хамт олон болон “Соёл” сургуулийн эцэг эхчүүдэд Монгол Улсын Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Deutsch-Mongolisches Tor in NRW e.V

Soyol mongolische Schule, Соёл монгол сургууль

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

https://berlin.embassy.mn/post/7200