Монгол хүүхэд, залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн Берлин хотноо болов
Өргөө төв, Европ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн Холбоо (MBAE), MBF хамтран 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ХБНГУ-д амьдарч буй монгол хүүхэд, залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг Берлин хотноо зохион байгууллаа.

Тус тэмцээн нь хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжил, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй монголчуудын хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ юм.
Нээлтийн арга хэмжээнд хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл болон Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөл хүрэлцэн ирж, тэмцээнд оролцож буй баг хамт олныг дэмжив.
Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих энэхүү санаачилгыг хэрэгжүүлж буй Өргөө төв, Европ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн Холбоо болон хамтран зохион байгуулагч байгууллагуудад Монгол Улсын Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэж байна.

