images

Монгол Улсын баг мөнгөн медаль авлаа

Хэвлэлийн мэдээ

2026-04-08

114

ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр Улаан өндөгний баярын өдрүүдэд зохион байгуулагддаг “International Eastercup Berlin-Moabit” сагсан бөмбөгийн тэмцээний энэ жилийнх нь 2026 оны 4 сарын 2-ноос 7-ны өдрүүдэд боллоо.

Энэхүү тэмцээн нь “Хүүхдүүдээс хүүхдүүдэд” уриатай олон улсын нээлттэй сагсан бөмбөгийн тэмцээн бөгөөд дэлхийн 30 гаруй орны 100 гаруй баг, 2000 орчим тамирчдыг нэг дор цуглуулдаг том арга хэмжээ ажээ.

Тэмцээн нь U10 наснаас эхлэн U12, U14, U16, U18 ангилал, мөн насанд хүрэгчдийн (эрэгтэй, эмэгтэй) төрөл, 45+ “Masters” ангилал, тэргэнцэртэй сагсан бөмбөг зэрэг олон ангиллаар зохион байгуулагддаг.

 

Энэ жилийн тэмцээнд Монгол Улсаас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, Баянгол спорт Ноён Оргил клубын U16, U18 насны өсвөрийн хөвгүүдийн хоёр багийн нийт 19 тамирчин дасгалжуулагч Л.Алтанхуяг, сэтгэл зүйч С.Сарантуяа нарын хамт хүрэлцэн ирж оролцов. Мөн Герман дахь монголчуудын “Цог” клуб болон Германд суугаа бүсгүйчүүдийн нэгдсэн “Mongolia” баг тус тус оролцлоо.

Монгол хүүхдүүдийн U18 ангиллын баг тус тэмцээнд анх удаа оролцоод мөнгөн медаль авч сайхан амжилт үзүүллээ. U16 ангиллын баг мөн сайн тоглож, шагналт 5 дугаарт байрт орж цомын эзэн болов.

Монгол Улсаас ирсэн тамирчин хүүхдүүдээ Берлин дэх Монгол Улсын ЭСЯ, спортын Цог клуб, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбооныхон ирж дэмжлээ.

Ирэх жилийн тэмцээнд монгол хүүхдүүд маань улам олуулаа ирж амжилттай оролцохын ерөөл өргөе!