images

Монгол зураачийн үзэсгэлэн Мюнхэн хотноо нээгдэв

Хэвлэлийн мэдээ

2026-03-03

98

Орчин үеийн уран зураач, дүрслэх урлагийн уран бүтээлчдэд олгодог Германы нэр хүндтэй урлагийн шагнал болох “Kallmann-Preis”-ын 2025 оны шагналыг хүртсэн Монголын зураач А.Жавхлангийн “MANGGUS” хэмээх бие даасан үзэсгэлэн ХБНГУ-ын Мюнхэн хотын Каллманны музейд 2026 оны 3 сарын 1-нд нээлтээ хийлээ.

Уран бүтээлч А.Жавхлангийн тус үзэсгэлэнд тавигдсан зургууд нь монголчуудын дунд аман хэлбэрээр уламжлагдан ирсэн  “Галавын домог”-оос сэдэвлэсэн Мангас (Manggus) буюу мангасуудын ертөнцийн тухай сэдэвтэй юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Мюнхэний Тойргийн бүсийн амбан захирагч Кристоф Гөбэль оролцож, уран бүтээлч А.Жавхланд Sparkasse банкны шагналыг гардууллаа.

Монголын зураач, видео артист А.Жавхлан ХБНГУ-ын Кёльн хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг нэгэн бөгөөд түүний уран бүтээлд Монголын домог, үлгэр туульс чухал байр суурь эзэлдэг байна.