Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Герман улсын нийслэл Берлин хотод ажиллав
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн 2026 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Берлин хотноо ажиллаж, хүнс, хөдөө аж ахуйн дэлхийд тэргүүлэгч “Олон улсын ногоон 7 хоног” (International Green Week) яармаг болон Олон улсын Хүнс, хөдөө аж ахуйн 18 дахь удаагийн форум, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын 18 дахь удаагийн Берлиний бага хуралд оролцлоо.

Энэхүү форум, хэлэлцүүлэгт олон орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын сайд нар, олон улсын байгууллагуудын 80 гаруй удирдлага, төлөөлөгчид оролцож, дэлхийн хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн зохистой ашиглалт, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудлаар санал солилцов. Хэлэлцүүлэгт оролцсон сайд нар дэлхийн хүнсний хангамж, тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчны хамгаалал, инновацын дэвшилтэт технологийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх шаардлага үүсээд буй дээр санал нэгдэж, байр сууриа илэрхийлэв.

Мөн өдрүүдэд сайд М.Бадамсүрэн ХБНГУ-ын Бранденбург муж улсын Хөдөө аж ахуйн сайд хатагтай Х.Миттелштэдт, Саксони муж улсын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Георг-Людвиг фон Брайтенбух нартай тус тус уулзалт хийж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, ХБНГУ-ын хөдөө аж ахуйн уламжлалт хоршооны (Genossenschaft) систем, гишүүдийн эдийн засаг, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

ХБНГУ-ын Бранденбург муж улсын Хөдөө аж ахуйн сайдтай хийсэн уулзалтын хүрээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Уйлган” хоршоо Бранденбург муж улсын “Унтере Шприйвалд” хоршоотой, Дархан-Уул аймгийн “Шошоолоштон” хоршоо Бранденбург муж улсын “Гроссмар” хоршоотой тус тус Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, салбарын мэргэжилтэн залуусыг бэлтгэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов. Гарын үсэг зурах ёслолд Элчин сайд Б.Мандахбилэг, Берлин дэх “Түвд” агентлагийн үүсгэн байгуулагч Т.Болдгэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.
Жич: “Олон улсын ногоон 7 хоног” (International Green Week) яармаг 1926 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 100 жилийн ой нь тохиож байна. Энэхүү үзэсгэлэн яармаг нь дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиг хандлага, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэг дор танилцуулдгаараа онцлог бөгөөд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын хамгийн том яармагуудын нэг юм. Энэ жил дэлхийн 50 гаруй орны 1,500 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүнс, органик бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн техник технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэл, инновацын шийдлүүдийг танилцуулав.


