images

МОНГОЛ, ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫГ ДЮССЕЛЬДОРФ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Элчин сайдын яамны мэдээ

2025-04-09

287

МОНГОЛ, ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫГ ДЮССЕЛЬДОРФ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, ХБНГУ-ын Нордрайн-Вестфален муж улсын Эдийн засаг, уур амьсгал, эрчим хүчний яам, Райны Шпаркассэн болон арилжааны банкны холбоотой хамтран Дюссельдорф хотноо 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “Монгол, Германы Эдийн засгийн форум”-ыг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд хоёр талын нийт 70 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгч оролцон уул уурхай, эрдэс баялаг, дэд бүтэц, хот байгуулалт, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчны талаар харилцан мэдээлэл солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 Мега төсөл, Эрдэс баялаг, уул уурхайн бодлого стратеги, Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтэц, зам, барилгын томоохон төслүүдийн талаар танилцуулга хийсэн бол “Эрдэнэс Критикал Минералс” Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Таван толгой” зэрэг компаниас Германы талтай хамтран ажиллах боломжийн талаар илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлэв. Монголын санхүүгийн тогтолцоо болон хөрөнгө оруулалтын орчны талаар “Хаан” банкнаас мөн мэдээлэл өгөв.

Германы талаас тус муж улсын Эдийн засаг, уур амьсгал, эрчим хүчний яамны зүгээс Нордрайн-Вестфален муж улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй уул уурхай, эрдэс баялгийн бодлогын талаар, НРВ муж улсын Глобал Бизнес байгууллагаас Нордрайн-Вестфален мужийн эдийн засгийн нөхцөл байдал, хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл хийв. Түүнчлэн Германы сэргээн босголтын зээлийн банкнаас уур уурхайн сан болон хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга хийв.

Энэхүү арга хэмжээнд Германы хувийн хэвшлийн Тhyssenkrupp, WILO, Heitkamp зэрэг томоохон аж ахуйн нэгж оролцсон бол манай талаас Гео урбан, Туул гүүр далай, Бодь инкон зэрэг компанийн төлөөлөл оролцов.

Энэ удаагийн Монгол, Германы Эдийн засгийн форум нь ХБНГУ-ын хамгийн том бөгөөд эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг муж улс болох Нордрайн-Вестфален-д анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байв. Энэхүү арга хэмжээгээр талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид хооронд шууд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох боломжийг олгосон ийм төрлийн эдийн засгийн яриа хэлэлцээг 2 жил тутамд Улаанбаатар, Дюссельдорф хотноо ээлжлэн зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Түүнчлэн хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ХБНГУ-аас хөрөнгө оруулалт татах зорилгоор Германы бизнес эрхлэгчид Монгол Улсад нөхцөл байдалтай танилцах бизнес аялал хийх саналыг талууд гаргав.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ,

2025.04.09