“Монгол, Германы боловсролын хамтын ажиллагаа”сэдвээр Фрайбергийн Техникийн их сургуулийн 33 дахь удаагийн Крюгер коллоквиум болов.
“Монгол, Германы боловсролын хамтын ажиллагаа” сэдвээр Фрайбергийн Техникийн их сургуулийн 33 дахь удаагийн Крюгер коллоквиум болов.
Фрайбергийн Техникийн их сургууль-Уул уурхайн академиас 33 дахь удаагийн Крюгер коллоквиумыг “Герман, Монголын боловсролын хамтын ажиллагаа” сэдвийн дор 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэг “ХБНГУ, Монгол Улс хоорондын боловсролын хамтын ажиллагаа 100 жил” сэдэвт илтгэл тавьж, хоёр талын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 100 жилийн түүх, ирээдүйн хамтын ажиллагаа, түүнд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Уг арга хэмжээг Фрайбергийн Техникийн их сургууль-Уул уурхайн академийн Ректор Пр. Барбнэхт нээж, тус сургуулийн Пр. Др. Карстэн Дрэбэнштэт “Фрайбергийн Техникийн их сургууль -Уул уурхайн академи дахь Герман, Монголын боловсролын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Мөн Улаанбаатар дахь Саксон мужийн шинжлэх ухаан, боловсролын төлөөлөгчийн газрын тэргүүн Д.Болормаа “Нүүдэлчин хүүхдүүд” төслийн талаар танилцуулга хийсэн бол энэхүү арга хэмжээний хүрээнд “Талын хүүхдүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн сонирхууллаа.
Арга хэмжээний төгсгөлд хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, хамтын ажиллагааны талаар Элчин сайд Б.Мандахбилэг, Д.Болормаа, докторант Ө.Дуламжав, төгсөгч Т.Тамир нар оролцогчдын сонирхсон асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
БЕРЛИН ДЭХ ЭСЯ