images

Герман Улсын нэрт монголч эрдэмтэн Вальтер Хайссигийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Элчин сайдын яамны мэдээ

2023-12-05

757

ХБНГУ-д монгол судлалыг шинжлэх ухааны бие даасан чиглэл болгон хөгжүүлэх үндсийг тавьж, улмаар Германд төдийгүй Европ, дэлхийд хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэрт монголч эрдэмтэн Вальтер Хайссигийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Олон Улсын Монгол Судлалын Холбоо, ХБНГУ-ын Боннын Их сургууль. Берлиний Хумбольдтын Их сургууль, Лайпцигийн Их сургууль зэрэг монгол судлалын гол байгууллагууд дэлхийн эрдэмтэнд гүн хүндэтгэл үзүүлж байна.

Нэрт монголч эрдэмтэн, профессор доктор В.Хайссиг нь 1913 оны 12 дугаар сарын 5-нд Австрийн Вена хотод төрж, 92 насыг наслан 2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Германы Райнбөллен хотод бурхны хутгийг олжээ. Тэрээр 1930-аад оны эхээр Берлин хотын Их сургуульд суралцаж байхдаа “Монголын нууц товчоо” бүтээлийг анх удаа герман хэл рүү орчуулсан Германы эрдэмтэн Эрих Хэништ шавь орж, монгол хэлийг төгс эзэмшсэн байна. 1940-өөд оноос монгол судлалаар түлхүү ажиллаж, 1957 оноос Боннын Их сургуульд шилжин ирж, улмаар 1964 оноос Төв Ази, Монгол судлалын эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан тэнхим, номын санг байгуулан удирдсан эрдэмтэн байв. 1982 оноос  түүний гарын шавь, мөн нэрт монголч эрдэмтэн К.Загастер тус тэнхмийн удирдлагыг өөрөөс нь хүлээн авч байжээ.

Монголч эрдэмтэн В.Хайссигийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан 2013 онд “Монгол уран зохиолын бичвэр судлалын асуудал”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж байсан бол 2023 онд 110 жилийн ойгоор нь түүний хөргийг “Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн маркт дүрслэн дэлхий нийтийн хүртээл болгосон юм. Олон улсын монголч эрдэмтдийн XII Их хурал энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах үеэр энэхүү шуудангийн маркийг танилцуулах ёслолын ажиллагаа болсон ба нэг хувийг профессор В.Хайссигийн эхнэр хатагтай Аннемари Хайссиг-Шеер-д дурсган хүргүүлсэн юм. Хатагтай А.Хайссиг-Шеерийн хичээнгүй тус дэмжлэгээр В.Хайссиг монгол судлалын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээ амжилттай туурвин хэвлүүлж, дэлхийд түгээж чадсан гэж түүний хамтран зүтгэгчид, шавь нар нь талархан хүндэлдэг юм.