images

Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жил, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг угтсан ёслолын арга хэмжээ болов

Элчин сайдын яамны мэдээ

2023-12-04

1068

Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жил,
Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг угтсан ёслолын арга хэмжээ болов

Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улс Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2024 онд тохиохтой холбогдуулан ёслолын арга хэмжээг Монгол Улсаас ХБНГУ болон Европын Холбоонд суугаа ЭСЯ-наас хамтран 12 дугаар сарын 2-ны үдэш Мюнхен хотод зохион байгуулав. Арга хэмжээнд Герман болон Бенелюксийн орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийн 40 орчим зочид, төлөөлөгчид оролцов.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Монгол Улсаас Европын Холбоо, Бенелюксийн орнуудад суугаа Элчин сайд Л.Болд нар мэндчилгээ дэвшүүлж, Баваарт болсон цаг агаарын амаргүй нөхцөлд хүрэлцэн ирсэн нийт зочдод талархал илэрхийлэв.
Элчин сайд Б.Мандахбилэг Европын Холбоо дахь Монгол Улсын гол түнш ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ирэх онд талууд жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэхийг онцлоод, хоёр орны түүхэн харилцаа нэг зуун жилийн өмнөөс амжилттай хэрэгжиж эхэлснийг дурдав. Холбооны Гадаад хэргийн яамны Улс төрийн архивын газарт хадгалагдаж буй баримтад тулгуурлан Монгол Улсын Засгийн газар 1923 онд анхны 3 монгол залууг Германд сургахаар илгээж, дараа нь 1926 онд 30 гаруй залуусыг дахин Герман руу илгээсэн болохыг тэрээр онцлов. 1920-иод онд Германд боловсрол эзэмшсэн залуус шинэ үеийн Монгол Улсын тэргүүлэх сэхээтнүүд байж, улс орноо дэлхийд таниулах үйлст онцгой хувь нэмэр оруулсныг Элчин сайд Б.Мандахбилэг дурдав. Өнөөдөр Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд амжилттай хэрэгжиж буй бөгөөд харилцааны энэхүү түвшинг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхийн төлөө зорьж байна. Монгол Улс, ХБНГУ-ын дипломат харилцааны онцгой ойн жилд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, эдийн засаг, соёл, боловсролын салбарт олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Элчин сайд Л.Болд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэх үйл хэрэгт Монгол Улс тууштай зогсож буйг дурдаад, Монголын оюутан залуус, түүний дотор Герман болон Европын орнуудад боловсрол эзэмшсэн сэхээлиг залуус ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлах үүрэгтэй оролцож байсныг дурсан тэмдэглэв. Монгол Улс ардчилсан замаар хөгжин дэвшихэд ХБНГУ, Европын Холбооны улс орнууд тууштай дэмжиж ирсэнд тэрээр гүн талархал илэрхийлэв. Элчин сайд Л.Болд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах болон Гадаад харилцааны сайд, Монгол-Германы парламентын бүлгийн даргаар ажиллаж байх үедээ Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байснаа дурдан, дипломат харилцааны түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх үйлст амжилт хүсэв. Элчин сайд Л.Болд Герман Улсад суралцаж төгссөнийх нь 40 жил мөн ирэх онд тохиож буй аж.
Түүхэн тэмдэглэлт ойг угтсан ёслолын арга хэмжээнд уригдан оролцсон зочид Баваар муж улсын Үндэсний театерт Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин гол дүрийг нь бүтээсэн В.Шекспирийн зохиол, У.Верди-н “Макбет” дуурийг үзэж, түүнтэй мөн биечлэн уулзаж ярилцсан юм. Ардын жүжигчин Э.Амартүвшин олон усын дуурийн урлагийн шилдэг шагнал болон “ Дуурийн шилдэг баритон дуучин” шагналыг саяхан хоёр дахь удаагаа хүртээд буй билээ.