images

ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ

Хэвлэлийн мэдээ

2023-05-15

975

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа нийт 9 монгол сургуулийн “Хүүхдийн урлаг спортын V Наадам” арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эбэрманнштадт хотноо амжилттай зохион байгуулагдав.

ХБНГУ-ын Нюрнберг хотын “Эрдэм Хэл – Соёлын Төв ТББ” Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 179 сурагч, 28 багш болон 220 гаруй эцэг, эх, хөгжөөн дэмжигчид оролцов.

Арга хэмжээг нээж Элчин сайд Б.Мандахбилэг үг хэлэхдээ “Эрдэм Хэл – Соёлын Төв ТББ”-ын ТУЗ-ийн дарга О.Тунгалаг, түүний хамт олон болон тус наадамд идэвхитэй оролцож буй нийт 6 монгол суруулийн сурагч, багш нарт баяр хүргэхийн зэрэгцээ монгол хүүхэд, залуучуудыг эх хэлээ сурах боломжоор хангах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншилаа хадгалж, хамгаалах,  улс үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг сайшаан үнэлж, зарим сургууль болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлэн өргөмжлөд гардуулав.

ХБНГУ-д анхны “Монгол” сургууль 2007 онд Берлин хотноо үүсгэн байгуулагдсан бол Мюнхен хотын “Од” сургуулийн санаачилгаар 2016 онд анх удаа зохион байгуулсан уг наадам фестивальд энэ жил 11 нас хүртэл болон 12 дээш насны гоцлол болон хамтлагийн дуу, бүжиг, үндэсний хөгжим, сонгодог хөгжим, уран уншлага зэрэг нийт 14 ангилалд хүүхдүүд сурсан мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаагаа уралдуулан наадав.

Шагнал гардуулах ёслолын үеэр ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг МИАТ ТӨК-аас хандивласан Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн зорчигчийн 2 ширхэг эрхийн бичгийн зөвшөөрөл бүхий “Шилдэг оролцогч” шагналыг “Солонго” сургуулийн сурагч Е.Эрдэнэхангай болон “Эрдэм” сургуулийн сурагч Б.Мишээл нарт тус тус гардуулж баяр хүргэв.

“Хүүхдийн урлаг спортын V Наадам”-ын дүнгээр Штуттгарт хотын “Солонго” сургуулийн сурагчид нийт 11 медаль (5 алт, 4 мөнгө, 2 хүрэл)- ийг хүртэж энэ жилийн наадмыг тэргүүлж ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг 9 монгол сургуулийн “Хүүхдийн урлаг спортын VI Наадам”-ыг 2025 онд  зохион байгуулах эрхийг авав.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ