images

ХБНГУ-руу зорчих, дамжин өнгөрөх иргэдийн анхааралд

Иргэдэд хүргэх зөвлөмж

2023-02-09

525

ХБНГУ-руу зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах анхааруулгыг иргэдэд хүргэх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

1. ХБНГУ-ын агаарын хилээр бусад улс руу дамжин өнгөрч байгаа манай улсын иргэд мэдээлэл дутуугаас болж сүүлийн үед Шенгений гэрээний орнуудын транзит визгүй орж ирэх, буруу төрлийн транзит визтэй зорчих, үүнээс болж хил дээр саатуулагдах явдал ихээр гарах болсон. Үүнд нисэх буудлын терминал солихгүй, дараагийн нислэгт өдөртөө дамжин өнгөрч болно гэсэн буруу ойлголтоос болж тухайн улсын хууль дүрмийг зөрчих үндэслэл болдог. Хэрэв Шенгений гэрээний орнуудын бүсэд ХБНГУ-ын хилээр нэвтэрч байгаа бол очих гэж байгаа улсын виз, гадаад паспортын нөхцлөөс үл хамааран заавал Шенгений виз аван нэвтрэх, ЕХ-нд дамжин нисэж байгаа тохиолдолд зохих ангилалын транзит виз авах.

2. Сүүлийн үед Улаанбаатар-Франкфуртын нислэгээр ирсэн иргэд нисэх буудлын гаалийн шалгалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их согтууруулах төрлийн зүйл, мах, тамхи болон бусад хориотой эд зүйлийг нэвтрүүлэх явдал ихээр гарах болсон. Дээрх зөрчлөөс болж иргэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс их бараа бүтээгдэхүүнийг гаальд мэдүүлэх, тэр хирээр онцгой албан татварыг төлөхөөс гадна нуун дарагдуулсан хэргээр торгууль төлөх эрсдэлтэй байдаг. ХБНГУ-ын хилээр зорчигчид 22%-аас дээш хатуулагтай согтууруулах төрлийн зүйл 1 литр, түүнээс доош бол 2 литрыг нэвтрүүлэх эрхтэй байдаг бөгөөд 200 ширхэг янжуур тамхи буюу 1 блок тамхийг хувийн хэрэгцээнд нэвтрүүлэх боломжтой аж.

3. Монголоос ирж байгаа зорчигчид бусад иргэдийн бичиг баримтыг авч явсны улмаас хил дээр хураалгах явдал гарч байгааг анхаарах шаардлагатай байна. Германы хилийн цагдаагийн газраас иргэдээр дамжуулан бичиг баримт өгч авалцах, дамжуулах үйлдлийг хууль бус гэдгээр зөвшөөрөхгүй, хурааж байгаа болохоор иргэд бичиг баримтаа олон улсын баталгаат шуудангаар илгээхийг зөвлөж байна.

4. Иргэд болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс хүний дайвар ачаа төлбөртэйгээр авч явах, таньж мэдэхгүй хүнээс илгээмж, ачаа авахгүй байх.

5. Зорчиж буй улсын хилийн дэглэм, гаалийн нөхцлийг сайтар судлах. Мэдээлэл болгож Германы гаалийн цахим сайтыг оруулав. https://www.zoll.de/DE/Home/home_node.html