Монгол улсын харьяатаас гарах

2022-11-09


Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. ХБНГУ-д оршин суугаа Монгол Улсын иргэний харьяатаас гарах тухай хүсэлтийг тус ЭСЯ-ны Консулын хэлтэст хүлээн авах бөгөөд холбогдох бусад баримт бичгийн бүрдлийг шалгана. Шаардлага хангасан материалыг Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Монгол Улсын харьяатаас гарахдаа ХБНГУ-ын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 12-р сарын 19-ний өдрийн А/476 тоот тушаалаар Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалтыг батлаад байгаа бөгөөд иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:

Санамж
Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэх, харьяатаас гарахыг хүсэгч нь:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнгүй  бичигдсэн байх ёстой.

- Хүсэлт гаргагч нь өргөдөл, гурван үеийн намтар, анкетаа үнэн зөв мэдүүлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэгтэй. Эдгээрийг компьютерээр бичсэн тохиолдолд мөн өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.

- Гадаад хэл дээрхи баримт бичгүүд албан ёсоор орчуулагдсан байх ёстой.

- Төрийн албан ёсны хэл монгол хэл дээр өргөдөл, намтар бичигдэж, анкет бөглөгдөж, гадаад хэл дээрхи баримт бичгүүд монгол хэл рүү хөрвүүлэгдсэн байх шаардлага тавигддаг.