Элчин сайд Ж.Оюунбаатар Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар Конрад-Аденауэр-Сангийн (KAS) Ази, Номхон далайн бүсийн захирал Кристиан Эхле болон тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Др. Сөрэн Сойка нарыг 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Ж.Оюунбаатар Конрад-Аденауэр-Сан нь Монгол Улсад 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, ардчилал, эрх зүйт төр, сайн засаглал, хүний эрх, улс төрийн боловсролыг дэмжих чиглэлээр төрийн байгууллага, улс төрийн намууд, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын ардчиллын институцийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.
Талууд ардчилсан засаглал, төрийн алба, парламентын чадавхыг бэхжүүлэх, залуучууд болон эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, бодлогын судалгааг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ж.Оюунбаатар Др. Сөрэн Сойкаг Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, шинэ үүрэгт ажилд нь амжилт хүслээ.