“Өв соёл Монгол” наадам Боргхолцхаузен хотноо амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХБНГУ дахь Монгол үндэсний бөхийн “Хүчтэн” дэвжээнээс зохион байгуулсан “Өв соёл Монгол” наадам 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Боргхолцхаузен хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц. Мөнхцэцэг, Батлан хамгаалахын атташе Д. Содномдаржаа нар оролцож, энэхүү арга хэмжээг Боргхолцхаузен хотод гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Мөн наадмыг зохион байгуулахад байнгын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн Боргхолцхаузен хотын дарга ноён Дирк Шпекманн болон түүний баг хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Наадмын үеэр “Сонор” морин хуурын чуулга болон “Соёл Монгол” сургуулийн сурагчид үндэсний урлагийн тоглолт толилуулж, хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдын талархлыг хүлээлээ.
Арга хэмжээнд ХБНГУ болон Нидерланд улсад оршин суугаа монгол иргэд, мөн Герман болон бусад орны зочид олноор хүрэлцэн ирж, Монголын соёл, уламжлал, үндэсний бөхийн барилдааны баяр хөөрийг хамтдаа хуваалцсан өргөн цар хүрээтэй, хөл хөдөлгөөн ихтэй наадам болж өнгөрөв. Түүнчлэн зочид Монгол үндэсний хоолыг амталж, Монголын соёлын өвийг илүү ойроос мэдэрсэн онцлогтой арга хэмжээ боллоо.

Нээлтийн үеэр Германы зохиолч Рюдигер Паулзен хүүхдэд зориулсан цуврал номоо монгол хэлнээ орчуулан хэвлүүлснээ танилцуулж, ЭСЯ-нд бэлэглэв.
Монголын соёл, ёс заншил, үндэсний урлаг, спортыг хилийн чанадад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй “Хүчтэн” дэвжээний хамт олон, “NRW муж дахь Герман–Монголын үүд” нийгэмлэг, Монгол–Европын соёлын төв ТББ, Нидерланд дахь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Кёльн хотын “Гал” нийгэмлэг, болон ивээн тэтгэгч Рапс ХХК, Хаган Монгол брэнд, Үйлсийн зам ХХК, “Mongolei Shop”, Бад Лэйр хотын хэвлэлийн газар зэрэг байгууллага, хамт олонд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.
