images

“Berlin Asian Music Festival 2026” наадамд Монголын уран бүтээлчид оролцож байна

Хэвлэлийн мэдээ

2026-05-26

185

Берлин хотын Концертхаус театрт “Berlin Asian Music Festival 2026” буюу Азийн хөгжмийн наадам 2026 оны 5 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тус наадамд Монголын уран бүтээлчид оролцож байна.

“Гурван үдэш, дөрвөн улс, нэгэн нийтлэг хөгжмийн хэл” уриан дор болж буй энэ наадамд Солонгос, Хятад, Япон, Монгол Улсын уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, хөгжим хэмээх түгээмэл хэлээр дамжуулан соёл, урлагийн хил хязгааргүй харилцаа, харилцан ойлголцлын үзэл санааг илэрхийлж, Ази, Европын хооронд гүүр болж байгааг зохион байгуулагчид дурьдаж байлаа.

Берлиний Азийн хөгжмийн наадам нь Азийн хөгжмийн уламжлал болон орчин үеийн уран бүтээлийн өнгө аясыг нэгтгэсэн, хөгжмийн харилцан ярианы онцгой тавцан байхаар зорьж буйгаараа онцлогтой юм.

Тус наадамд Монголын “Хөх тэнгэр” хамтлагийн уран бүтээлчид болох Д.Гансугар, П.Мөнхжин нар оролцож, Монголын морин хуур, хөөмий, лимбэний уран яруу тоглолтыг үзэгчдэд толилууллаа.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Мөнхцэцэг оролцож, тус наадмыг санаачлан зохион байгуулж буй захирал ноён Чунгил Лид баяр хүргэн, Азийн орнуудын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.