Монгол Улс болон ХБНГУ-ын график урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "Prints of Exchange" үзэсгэлэн Эссен хотноо зохион байгуулагдав
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хоёр улсын график урлагийн уран бүтээлчдийн хамтарсан солилцооны хөтөлбөр 2026 оны 4 дүгээр сарын 11-нээс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-ын Эссен болон Райнэ хотноо амжилттай хэрэгжив.

Төслийн хүрээнд Монголын уран бүтээлчид, Эссений Дүрслэх урлагийн дээд сургууль болон Райнэ хотын Бэнтлагэ бар зургийн хэвлэх урлантай хамтран бүтээсэн график бүтээлүүдээ “Prints of Exchange” үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд толилууллаа. Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “TRUDI Kreativ Kathedrale”-д болсон бөгөөд нээлтийн ажиллагаанд Эссен хотын Орлогч дарга хатагтай Ю.Яаков, ЭСЯ-ны Элчин зөвлөх Г.Батчимэг нар оролцож, Монгол, Германы уран бүтээлчдэд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөв.

График урлагийн уран бүтээлчдийн хамтарсан солилцооны хөтөлбөр нь хоёр орны соёлын өвөрмөц онцлогийг харилцан таниулах, ур чадвар, туршлагаа солилцох, залуучуудын хөгжлийг дэмжих, Монгол Улсад бар зургийн уламжлалт арга барилд суурилсан хэвлэх урлан-лаборатори байгуулах зэрэг хамтын ажиллагааны суурийг тавьж буйгаараа онцлог юм.

Тус хөтөлбөрийг санаачлагч Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ болон график урлагийн уран бүтээлчид, үзэсгэлэнг гаргахад хамтран оролцсон байгууллагуудад ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.

