images

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газрын удирдлагуудтай уулзав

Хэвлэлийн мэдээ

2026-03-06

50

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн захирал Ханс-Хэлмүт Шнайдер, Захиргааны газрын захирал Фолкер Бацке нартай уулзаж, Үндсэн хуулийн шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалт талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр талууд парламент болон Үндсэн хуулийн шүүх хоорондын институцийн харилцаа,  эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх тогтолцооны талаар дэлгэрэнгүй ярилцав. Чингэхдээ иргэдийн үндсэн хуулийн гомдлыг хянан шийдвэрлэх механизм, түүний эрх зүйн үндэслэл, хэрэгжүүлэх журам, шийдвэрийн үр дагаварын талаар тусгайлан санал солилцож, цаашид эдгээр чиглэлээр харилцан мэдээлэл солилцож ажиллахаар болов.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг шинэчлэн өргөн барихаар ажиллаж байгаагаа танилцуулж, эдгээр хуулийн төслийн хүрээнд иргэдийн үндсэн эрхийг хамгаалах үндсэн хуулийн гомдлын механизм нэвтрүүлэх зорилготой байгаагаа онцоллоо.

ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүх нь иргэдийн үндсэн эрхийн гомдлыг хянан шийдвэрлэх тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд уг уулзалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн зохицуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.