ЭМГЭНЭЛ
Проф.др. Клаус Загастер (1933–2025)
Дорно дахин, Монгол судлалын нэрт төлөөлөгч, ХБНГУ-ын Бонн хотын Райны Фридрих-Вильхелм их сургуулийн хүндэт профессор, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч асан Проф.др. Клаус Загастер гуай энэ оны 11 дүгээр сарын 11-нд таалал төгсч бурхны хутгийг олсон тухай гунигтай мэдээг хүлээн авлаа.
Проф.др. Клаус Загастер нь 1933 онд Умард Бөөмэн-ийн Ниймэс хотод төрсөн бөгөөд 1944 онд анх удаа монгол хүнтэй таарч, тэр цаг үеэс эхлэн Монголын түүх, хэл зохиол, өв соёлыг тууштай сонирхон судлаж, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй эрдэмтэн болсон юм. ХБНГУ-д монгол судлалыг шинжлэх ухааны бие даасан чиглэл болгон хөгжүүлэх үндсийг тавьсан нэрт монголч эрдэмтэн Вальтер Хайссигийн шилдэг гарын шавь нь болж чадсан К.Загастер Германы Лайпциг, Гөттинген, Бонн зэрэг алдартай их сургуулиудад суралцан ажилласан ба хожим нь буюу 1982 онд тэрээр өөрийн багшаасаа Боннын Их сургуулийн Төв Азийн хэл соёл судлалын тэнхмийн удирдлагыг хүлээн авч байв.
К.Загастер 40 гаруй жилийн хугацаанд Монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг үр бүтээлтэй удирдан, чиглүүлж ирсэн бөгөөд олон арван монголч эрдэмтэн, судлаачдыг бэлтгэсэн гавъяатан байлаа. Монгол бичгийн түүхэн товчоон, дурсгалын бичээс, монголчуудын шашин-соёлын болон соёлын өв, уламжлалыг гүнзгийрүүлэн судалсны дотор монгол сурвалж бичгийн хамгийн эртний үеийн хусны үйсэн судрыг сэргээн засварлах, судлан шинжлэх ажлыг удирдан гүйцэтгэж 2012 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид хүлээлгэн өгсөн нь Монгол судлалын салбарт хийгдсэн томоохон ажлуудынх нь нэг нь байв.
Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны ард түмний ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд К.Загастер бодит хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд 1973 онд Герман-Монголын Нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг байв.
Олон Улсын Монгол Судлалын Холбооны IX болон X Их хурлаас түүнийг тус Ерөнхийлөгчөөр сонгон ажиллуулсан нь түүний Монголын түүх, хэл, соёл, нийгмийн судлалд оруулсан гавъяа зүтгэлийн нотолгоо байв. Тэрээр мөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзан, хаагдах хэмжээнд хүрээд байсан Монгол судлалын семинарыг Боннын Их сургуульд үргэлжлүүлэхийг хүсэлт болгож байв. Энэ уулзалтын үр дүнд Монгол судлал өнөөг хүртэл тус Их сургуульд тасралтгүй хэрэгжиж байна. К.Загастерийн энэхүү хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасан ба Олон Улсын Алтай судлалын Байнгын Бага Хурал (PIAC) байгууллага мөн дээд шагналаа түүнд олгож байв. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн “Хүндэт доктор” цолыг түүнд 2022 онд олгож байв.
Монгол судлалын нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Клаус Загастерийн эрдэм мэдлэг, оюуны бүтээлүүд, хүмүүний сайхан чанарыг бид гүн хүндэтгэлтэй дурсан санах болно.
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яам
Берлин хот, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр