BMW BERLIN 2025 марафонд Монголын баг тамирчид амжилттай оролцов.
Дэлхийн шилдэг зургаан марафоны нэг болох BMW BERLIN 2025 марафон 2025 оны 9 сарын 21-нд болж Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д. Гантулга болон ОУХМ Ж.Баатарболд, ОУХМ Г.Ганцэцэг, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын "Ахиллис монгол клуб"-ын 10 тамирчин тус тус амжилттай уралдаж замаа дуусгалаа.
Энэ удаагийн Берлин марафонд 160 гаруй орны 80,000 хүн оролцсоноор дэлхийн хамгийн олон оролцогчтой марафонуудын нэг болсон билээ.
Марафоны элит эрэгтэй ангилалд Кени улсын тамирчин Себастян Саве 2:02:16 амжилтаар, элит эмэгтэй ангилалд мөн Кени улсын тамирчин Роземари Ванжиру 2:21:05 цагийн амжилтаар тус тус түрүүллээ.
Марафонд мэргэжлийн тамирчдаас гадна олон мянган сонирхогчид оролцсоны дотор олны танил алдартнууд нэлээд оржээ. Тухайлбал, Их Британийн дуучин, жүжигчин Хэрри Стайлс оролцож 42 км-ыг 2:59:13 цагийн амжилтаар дуусгасан бол Германы хөлбөмбөгч, 2014 оны дэлхийн аварга болсон багийн тоглогч Андрэ Шюррле 3:21:25, хөлбөмбөгч Тони Кроосын ах Феликс Кроос 4:28:23 цагийн амжилтаар бүтэн марафонд оролцсон байна.
Эх орноо төлөөлөн хаа холоос зорин ирж, цагийн зөрүүг үл харгалзан бүтэн марафонд амжилттай уралдаж замаа дуусгасан Монгол Улсын тамирчдадаа болон ХБНГУ-д амьдран суудаг монголчуудаа төлөөлөн тус марафонд амжилттай оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
2025.09.22