images

БУНДЕСТАГИЙН ГИШҮҮН Н.ЦИППЭЛИУС -ТАЙ УУЛЗАВ.

Хэвлэлийн мэдээ

2025-09-15

10

БУНДЕСТАГИЙН ГИШҮҮН Н.ЦИППЭЛИУС -ТАЙ УУЛЗАВ.


    Элчин сайд Б.Мандахбилэг 2025 оны 9 дугаар сарын 11-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн бөгөөд Бундестагийн Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны Байнгын хорооны гишүүн ноён Николас Циппэлиус-тай уулзав. 
    Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр улсын хоорондын хөгжлийн тусламжийн хамтын ажиллагаа,  ялангуяа хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас баталсан хөгжлийн зорилтуудад нийцсэн, ялангуяа эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядууралтай тэмцэх, хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих, цөлжилтэй тэмцэх чиглэлд Германы хөгжлийг тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг илэрхийлэв. 
    Үүний хариуд ноён Н.Циппэлиус Монгол Улсыг бүхий чиглэлд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж,  ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, түүнийг үр дүнтэй ашиглах асуудал чухал болохыг онцлов. Тэрээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн үнэт зүйлст суурилсан манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Германы хөгжлийн тусламжийн бодлогыг чиглүүлэх, Бундэстаг-д герман-монголын сонирхлын бүлгийг санаачлан байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 
    Уулзалтын үеэр хоёр тал энэ оны 10 дугаар сарын сүүлээр Монгол Улсад болох Монгол, Германы Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээний талаар санал солилцов.