images

Монгол Улс аялал жуулчлалын олон улсын "ТС-Leipzig" үзэсгэлэн яармагт "Түнш орон"-оор оролцож байна

Хэвлэлийн мэдээ

2022-11-18

606

Монгол Улс аялал жуулчлалын олон улсын "ТС-Leipzig" үзэсгэлэн яармагт "Түнш орон"-оор оролцож байна

Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэх Аялал жуучлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайдаар тэргүүлэн байгуулсан. Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөө хийх, агаарын тээвэр, дотоод нислэгийн асуудлыг цогцоор нь шийдэх, аялал жуулчлалын мэдээлэл, үйлчилгээний цахим платформыг бий болгох, 2023 оны аялал жуулчлалын нэгдсэн хуанлийг гаргах, аялал жуулчлалын нэгдсэн стандартыг бий болгох, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг Үндэсний хорооноос байгуулав.

Энэ өдрүүдэд Монгол Улс Германы Лайпциг хотод аялал жуулчлалын олон улсын "ТС-Leipzig" үзэсгэлэн яармагт түнш орноор оролцож байна. Үзэсгэлэн 2022 оны 11 дүгээр сарын 16-20-ний өдрүүдэд болж байна. Нээлтийн ажиллагаанд Элчин сайд Б.Мандахбилэг оролцон аялал жуулчлалын салбарын Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулан Монголд тавтай морилохыг урив. Нээлтийн ажиллагаанд Саксон муж улсаас сонгогдсон Бундестагийн хоёр гишүүн, Саксоны парламент, Лайпцигийн ИТХ-ын гишүүд, тус муж улсын Соёлын яамны төлөөлөл хүндэт зочдоор оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчид Тюренгин муж улсын павильонд Элчин сайдыг урьж, монгол гаралтай шонхор шувуу үржүүлдэг компанитай танилцуулсан ба Элчин сайд шонхор шувууны талаарх сонирхолтой мэдээллийг оролцогчдод өглөө.

"ТС-Leipzig" үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч нь Штуттгартын "СМТ" үзэсгэлэнгийн консорциум, "Messe Stuttgart" компани бөгөөд 2023 оны 1 дүгээр сард эхлэх аялал жуулчлалын "СМТ" үзэсгэлэнд Монгол Улс "Түнш орон"-оор оролцохоор ажиллаж байна.

"ТС- Leipzig" үзэсгэлэнгийн Монголын павильонд хүндэт зочид хүрэлцэн ирж, үндэсний цагаан идээ, сархадаар дайлуулан үндэсний бэсрэг урлагийн тоглолт, бөхийн барилдаан, шагайн харвааны үзүүлэн тоглолтыг үзэж сонирхлоо. Тус үзэсгэлэн яармаг монгол иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Үзэсгэлэнгийн өдрүүдэд үндэсний дээл, хувцсаараа гоён үзэсгэлэнг үзэж сонирхохын сацуу эх орноо сурталчлах бүрэн боломжтойг Европ дахь иргэддээ мэдээлж байна.