ХБНГУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИУДЫН ХҮҮХДҮҮДИЙН “ЭХ ХЭЛ-УРЛАГ СОЁЛЫН VI НААДАМ” ШТУТТГАРТ ХОТОД БОЛОВ.
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС ДАХЬ
МОНГОЛ СУРГУУЛИУДЫН ХҮҮХДҮҮДИЙН “ЭХ ХЭЛ-УРЛАГ СОЁЛЫН VI НААДАМ” ШТУТТГАРТ ХОТОД БОЛОВ.
Анх 2016 онд Мюнхен хотын "Од" сургууль санаачлан эхлүүлснээс хойш Герман дахь сургуулиуд ээлжлэн 2 жил тутамд зохион байгуулдаг энэхүү “Урлаг, соёлын наадам” зургаа дахь удаагаа “Бид-Монгол хүн” сэдэвтэйгээр 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баден-Вюрттемберг муж улсын нийслэл Штуттгарт хотноо зохион байгуулагдав.
Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, өв уламжлал, монгол үндэстний спортыг таниулахын зэрэгцээ тэдний эх хэлээ сурах урам зориг, хүсэл эрмэлзлийг нь бадраах зорилготой энэхүү наадамд оролцогч хүүхдүүд монгол хэл, ёс заншлаа хэрхэн сурч буйгаа багш, эцэг эхчүүддээ тайлагнаж, бусад найз нөхдөдөө үлгэр дуурайлал үзүүлэн өөр хоорондоо танилцаж, монгол хэл, ёс заншлаа сурах туршлагаасаа харилцан солилцон наадамдаа идэвхтэй оролцлоо.
Наадамд шалгарсан “Солонго” сургуулийн багшид “Миат” ТӨХК-ийн эрхийн бичгийг Элчин сайд Б.Мандахбилэг гардуулсан.
Энэ удаагийн наадамд Берлин, Нюрнберг, Дюсселдорф, Дрезден, Ингольдштадт, Штуттгарт зэрэг Германы олон хотоос сурагч, хүүхдүүд ирж оролцохын зэрэгцээ 300 орчим зочид хүрэлцэн ирлээ.
Энэхүү наадмын онцлог нь анх удаа монгол хэлний мэдлэгээ сорьсон наадмыг хамтад нь зохион байгуулж “Эх хэл-Урлаг, соёлын наадам” болгон өргөжүүлж, “Хүүхдийн богино жүжиг“ гэсэн төрлийг шинээр нэмсэнд оршино.
Урлагийн наадамд 7 төрөлд тус бүрд гоцлол болон хамтлаг хэлбэрээр, 3 насны ангиллаар сурагчид оролцлоо.
Мөн Монгол хэлний уралдааныг хэлний 3 түвшнээр тус бүрд 3 байр эзлүүлэн шалгаруулав.
ЭСЯ-ны төлөөлөл “Эх хэл-Урлаг соёлын VI наадам”-д оролцсон нь Герман улс дахь 8 мянган монголчуудынхаа идэвх санаачилгыг дэмжиж буйн илэрхийлэл болов.