images

МОНГОЛ ГЕРМАНЫ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ III” MONGOLEI 4.0 “ЭРҮҮЛ ОРЧИН, ЭРҮҮЛ ИРГЭН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ГУРАВ ДАХЬ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Элчин сайдын яамны мэдээ

2024-04-18

452

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б. Мандахбилэгийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл III” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний бага хурал ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ханнс Зайделийн сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл, МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ болон ОсиЭс Консалтинг тус тус ажиллалаа. Тус арга хэмжээнд европын холбооны улсуудаас төдийгүй Монгол улс, Швед, Австри, Чех, Солонгос улсаас ивээн тэтгэгчид, шүүгчид зэрэг 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Хурлын сүүлийн шатанд нийт 6 илтгэл шалгаран үлдсэнээс 

Тэргүүн байр: “Тамхины хог хаягдлыг дахин боловсруулах нь”, ХБНГУ-ын Отто Гюрикийн их сургууль, Хүрээлэн буй орчин-Энергитехник, бакалавр М.Мөнгөн, Үйлсийн зам ХХК-ийн нэрэмжит шагнал 1000 евро

Дэд байр:  “Жалганд булагдсан Монголын эрдэнэс, эрүүл бус орчин дахь археологийн дурсгал”, ХБНГУ-ын Макс Планкын Геоантропологийн хүрээлэн, докторант Б.Бямбадорж, МИАТ ХК-ын нэрэмжит шагнал Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцны тийз

Гутгаар байр: “Ирээдүйд хөрөнгө оруулах нь”: Бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах”,  Төв Европын их сургууль, магистрант С.Тодгэрэл Евро Мон АБ-ын нэрэмжит 500 еврогийн эзэд боллоо. 

Хамтран ажиллаж ивээн тэтгэж оролцсон байгууллагууд: Ханнс Зайделийн сан, Үйлсийн зам, МИАТ ХК, Евро Мон АБ, Gemma Mongolia, Swiss Mon Edu, Oyu Logistik LLC, Oi Partners LLC, OCS Consulting Service, Globus Podcast зэрэг байгууллагууд бүхий л талаар дэмжин оролцлоо. 

Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг оролцогчдыг ивээн тэтгэгч байгууллагууд болон зохион байгуулагчдын зүгээс цаашдын хэрэгжилтэд нь анхаарал хандуулж бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тус эрдэм шинжилгээний бага хурлаар Монголд хэрэгжүүлэх боломжтой бусад орны туршлагаас, Герман Монголын хооронд хийгдэж буй байгаль орчны болон эрүүл мэндийн хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэв. Ийнхүү хилийн чанадад сурч ажиллаж буй оюунлаг Монгол залуус эх орныхоо ирээдүйн төлөө өөрсдийн хийж бүтээж, сурч судалсан бүтээлүүдийг олон нийтэд танилцуулан хоорондоо өрсөлдөж, мөн олон сонирхолтой зочин илтгэгчдийн илтгэлүүдийг сонсож өнгөрүүллээ. Эх орны маань баялаг газрын хөрсөн доор бус харин ирээдүйг түүчээлэх залуус бидний тархинд эрдэм мэдлэг болон нуугдаж буйг энэхүү эрдэм шинжилгээний бага хурал харуулж чадлаа.