images

ЭМГЭНЭЛ

Элчин сайдын яамны мэдээ

2024-04-12

795

Германы нэрт монголч эрдэмтэн хатагтай профессор доктор Ута Шөөнэ 2024 оны 4-р сарын 7-ны өдөр тэнгэрт хальжээ.

Тэрээр 1960-1964 онд Хумболдтийн их сургуульд Монгол, Хятад судлалын анги,

1964-1966 онд МУИС-д монгол хэлний ангид тус тус суралцаж төгссөн ба 1975 онд

“БНМАУ-ын боловсролын хөгжил (1921-1970)” сэдвээр гүн ухааны дэд эрдэмтэн,

1989 онд “БНМАУ-д явуулсан соёлын хувьсгалын гол зорилт, бэрхшээл ба туршлага (1921-1960)”

сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан юм.

Монгол улсад арав шахам жил ажиллаж амьдарсан, Хумболдтийн их сургуулийн

монгол судлалын салбарт 40 гаруй жил ажиллаж монгол судлалыг хойч үедээ нэр төртэй

хүлээлгэж өгсөн, Монгол орон, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ

хүндэтгэлтэй ханддаг эрхэм хүмүүн проф. У.Шөөнэ-гийн хөдөлмөр,

бүтээлийг үнэлж Монголын төр 2016 онд Алтан Гадас одон хүртээсэн билээ.

Хатагтай У.Шөөнэ-гийн Монгол-Германы харилцаанд оруулсан хувь нэмэр,

сургаж бэлтгэсэн олон арван шавь нарынх нь үйлс улам өргөжин дэвжих нь дамжиггүй.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөр, хамтран зүтгэгч, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин Сайдын Яам