images

Элчин сайдын мэндчилгээ

Элчин сайдын мэндчилгээ

2022-11-08

1030

Эрхэм Таны амар мэндийг эрэн мэндчилье.

1920-иод оноос эхлэлтэй Монгол-Германы найрсаг харилцааг хөгжүүлэх буухианы ээлжийг миний бие хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 6-ны билэгт сайн өдөр Холбооны Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ф.В.Штайнмайерт “Итгэмжлэх жуух бичиг”-ээ өргөн барьснаар Монгол Улс, ард түмнээ ХБНГУ-д бүрэн эрхтэй төлөөлөх боллоо. ХБНГУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд 1990 оноос хойш томилогдсон 9 дэх элчин сайд болсондоо билэгшээж байна.

Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан “Гуравдагч хөршийн бодлого”-ыг ХБНГУ-д чандлан хэрэгжүүлж, найрсаг харилцаатай Герман улстай улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, техник-технологи, боловсрол, соёл, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр хичээн ажиллах болно. Ялангуяа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан Герман улстай харилцан ашигтай хамтран ажиллах, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад хүчин чармайлт гаргаж, Монгол-Германы “Иж бүрэн түншлэлийн харилцааг” бэхжүүлж, улмаар харилцааны түвшинг ахиулж, манай орныг талархан дэмжигчдийн эгнээг Германд тэлж нэмэгдүүлэхийн төлөө ЭСЯ-ны ажлыг удирдан чиглүүлнэ.

Тэрчлэн Германд оршин сууж, ажиллаж, суралцаж буй монгол иргэдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, консулын үйлчилгээг шуурхай үзүүлж, хүнлэг, ёс зүйтэй харилцахыг ЭСЯ-ны Консулын хэлтэст хэвшүүлж мөрдүүлнэ. Иргэддээ нээлтэй ЭСЯ байж, тэдний зөв зүйтэй санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах зарчмыг баримтална. Монгол төрийн “алтан соёмбот” далбааг Германы тэнгэрт өндөрт мандуулах хүндтэй үүргийг миний бие болон ЭСЯ-ны нийт ажилтан бүрэн ухамсарлаж, чармайн ажиллах болно.

Монгол-Германы найрамдал улам бэхжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Берлин хот, 2022 оны 1 дүгээр сар

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.МАНДАХБИЛЭГ