images

“Берлин дэх Олон улсын эдийн засгийн зөвлөл“ (IWR Berlin)-өөс ЭСЯ-тай хамтран "Монгол Улсын эдийн засгийн динамик өсөлт & хөгжил" мэдээллийн арга хэмжээ зохион байгуулав

Элчин сайдын яамны мэдээ

2023-08-11

564

Берлин дэх Олон улсын эдийн засгийн зөвлөл (IWR Berlin) байгууллага нь Герман болон Европын дунд түвшний аж ахуйн нэгж, компаниудын бизнес хөгжлийг дэмждэг, дипломат болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг байгууллага юм. Тус байгууллага германы аж ахуйн нэгжүүд Монголд бизнес аялал хийхэд нь мөн дэмжлэг үзүүлж, зохион байгуулдаг.

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-ны өдөр "IWR Berlin" байгууллага Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-тай хамтран "Монгол Улсын эдийн засгийн динамик өсөлт & хөгжил" мэдээллийн арга хэмжээг "Хумболдт форум"-ын ресторанд үдийн зоог барин зохион байгуулав.

Монголын эдийн засгийн мэдээллийн арга хэмжээг „IWR Berlin“ байгууллагын Ерөнхийлөгч Т.Барт нээв. Элчин сайд Б.Мандахбилэг мэндчилгээндээ Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар ерөнхий мэдээлэл өгч, энэ оны 10 дугаар сарын 09-13-нд Улаанбаатар хотод болох "Mongolian Mining Week" олон улсын арга хэмжээнд Германы аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцохыг уриалав. Бундестагт хамгийн олон удаа сонгогдон ажиллаж буй, Герман-Төв Азийн бүлгийн дэд дарга М.Грунд Герман, Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгч, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх боломж байгааг онцлов.

ЭСЯ-ны Эдийн засгийн зөвлөх О.Гочоодорж "Монгол Улсын эдийн засгийн хөгжил өнөөдөр" илтгэл тавьж хэлэлцүүлэв. Үүний дараа Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, Германы "Sparkassenstiftung" байгууллагын Монгол дахь төлөөлөгч М.Лох, "Говь" ноолуурын компанийн Дэд ерөнхийлөгч Б.Мишээл нар тус тус илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

Эдийн засгийн мэдээллийн арга хэмжээний төгсгөлд Германы жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл чөлөөт ярилцлага хийж, зүүн Азийн бүс нутгийн хөгжил, улс төрийн байдал, Монголын хөрөнгө оруулалт, эдийн засгийн эрхзүйн орчин, аялал жуулчлалын хөгжлийн талаар ярилцаж, Монголд хийх бизнес аялалд оролцох боломжийн талаар санал солилцов.