images

МОНГОЛ, ГЕРМАНЫ СОЁЛ, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БЕРЛИН ХОТНОО БОЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-05-02

558

Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны чухал механизмуудын нэг “Монгол, Германы Соёл, боловсрол, шинжлэх ухааны зөвлөлдөх уулзалт 4 дүгээр сарын 27-нд Берлин хотноо Холбооны Гадаад хэргийн яаманд болов. Улаанбаатар хотноо 2019 онд болсноос хойш дэлхийг хамарсан цар тахлын улмаас хойшлогдоод байсан Зөвлөлдөх уулзалт ийнхүү сэргэв.

 

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид монголын талаас оролцсон бол германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Соёл, боловсрол, шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагаа, Соёлын гадаад бодлогын Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд В.Чечере ахалсан нийт 5 байгууллагын төлөөлөгчид оролцов.

Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өнгөрсөн хугацаанд хоёр орны хэрэгжүүлсэн хамтын ажиллагааг хэлэлцэн дүгнэх, цаашдын төлөв, чиглэл, зорилтыг тодорхойлох,  Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2024 онд хамтран тэмдэглэх хүрээнд хамтран болон дангаар хэрэгжүүлэх тусгай хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаар ярилцан санал солилцов.  Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсоор айлчлах үеэрээ Холбооны Канцлер О.Шольцтой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр хамтран тэмдэглэхээр тохиролцсон билээ. Энэ дагуу талууд ойг хамтран тэмдэглэх тусгай хөтөлбөр гарган ажиллах юм.

  

Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохирсон асуудал, саналуудыг бодит ажил хэрэг болгох зорилгоор тодорхой ажлын нэгжүүд байгуулан ажиллахаар санал нэгдэв. Соёл, боловсрол, шинжлэх ухааны хоёр талт хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтын механизмыг цаашид тогтмолжуулахыг чухалчлан, дараагийн Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо хоёр жилийн дараа зохион байгуулахаар тогтов.