Монгол Улсын харъяатаас гарах

ЭСЯ нь Монгол Улсын харьяатаас гарах өргөдлийг "Харьяатын тухай хууль"-ийн дагуу холбогдох байгууллагад уламжилна.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Монгол Улсын харьяатаас гарахад ХБНГУ-ын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын харьяатаар хүлээн авна гэсэн урьдчилсан зөвшөөрлийн бичгийг заавал авсан байна.

Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгч нь дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл.

(өргөдөлд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, Монгол Улс болон гадаад улсад ямар хугацаагаар аж төрж, ажиллаж, суралцаж байсан, аль улсын харьяат болох хүсэлтэй байгаа, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат, тэд одоо хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хүүхэдтэй бол хэзээ, хаана төрсөн, аль улсын харьяат байлгах талаар эцэг /эх/-тэй тохиролцсон тухай тодорхой тусгана); Иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргагч нь насанд хүрээгүй хүүхдийн хамт Монгол Улсын харьяатаас гарах бол энэ талаар өргөдөлдөө тусгасан байна.

2. Гурван үеийн намтар (аавын талын өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, өөрийн намтар орно. Эхээр овоглодог тохиолдолд эхийн талын өвөг эцэг, эмэг эх, ээж, өөрийн намтарыг бичнэ.);

3. Мэдүүлгийн хуудас  бөглөх /эндээс татаж авна уу/

4. өөрийн болон 16-18 хүртэл насны хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
• Төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг заавал хавсаргах бөгөөд хэрвээ аль нэгийг буюу хоёуланг нь гээсэн тохиолдолд УБЕГ-ын Иргэний баримтын төв архивын лавлагааг заавал хавсаргана.
• Гадаад улсад төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, орчуулгыг хавсаргах.

5.16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эх хүсэлтээ бичгээр гаргаж, гарын үсгээ нотариатчаар батлуулсан байх;

6. 16-18 хүртэл насны хүүхэд эцэг, эхээ даган иргэний харьяаллаа өөрчлөх бол тэрээр хүсэлтээ өөрөө бичгээр гаргаж, гарын үсгийг нотариатчаар батлуулсан байх;

7. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; Гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр гадаад хэлээр байгаа бол албан ёсны орчуулга;

8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн улсын харьяаллыг олгохыг зөвшөөрсөн суугаа орны эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл /Einbürgeungszusicherung/, түүний орчуулга;

9. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас тодорхойлолт авах:
-Шүүх /аймаг, нийслэл, сум дундын шүүх/;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба;
-оршин сууж байсан аймаг, сум, дүүргийн татварын байгууллага;
-Боловсролын яамны харьяа Төрийн сургалтын сан;

10. Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болохыг зөвшөөрсөн эцэг, эхийн зөвшөөрөл.
• Эцэг, эхийн гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэн  хавсаргах. Эцэг, эхийн аль нэг нь эсвэл хоёул нас барсан бол нас барсныг нотлох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа хавсаргана.

11. Ажил эрхэлдэг, цалин, орлоготой болох тухай ажил, тэтгэлэг олгогчийн нотолгоо, тодорхойлолт, орчуулгын хамт.

12. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу харьяатаас гарахыг хүссэн иргэн, түүнийг дагалдан гарах хүүхэд тус бүр 150,- Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн  банкны гүйлгээний баримт.

13. Гэрэл зураг 3 хувь (нүдний шилгүй, дух, чих бүрэн гарсан байх шаардлагатай)

14. Материалаа бүрдүүлж ЭСЯ-ны консулын хэлтэст өгсний дараа консулын хэлтэс тодорхойлолтыг бичгээр үйлдэж, бусад материалын хамт ГИХАЭГ-т хүргүүлнэ.

Санамж: Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэх, харьяатаас гарахыг хүсэгч нь:
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр бичсэн өргөдөл, гурван үеийн намтар, анкет нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, дэлгэрэнгүй, тодорхой бичигдсэн байх ёстой.
• Хүсэлт гаргагч нь өргөдөл, гурван үеийн намтар, анкетаа үнэн зөв мэдүүлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэгтэй. Эдгээрийг компьютерээр бичсэн тохиолдолд мөн өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.
• Хуулбар баримт бичгүүдийг нотариатчаар гэрчлүүлэх, гадаад хэл дээрхи баримт бичгүүд албан ёсоор орчуулагдсан байх ёстой.
• Төрийн албан ёсны хэл монгол хэл дээр өргөдөл, намтар бичигдэж, анкет бөглөгдөж, гадаад хэл дээрхи баримт бичгүүд монгол хэл рүү хөрвүүлэгдсэн байх шаардлага тавигддаг.
Хүсэлт гаргагч нь бүрдүүлсэн материалаа Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст ирүүлнэ.