ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ГОУХАН-ийн Зүүн Азийн газрын дарга Др.Роман Пойшке, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч асан Др.Томас Лабан нарыг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав. Уулзалтаар Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Х.И.Фухтелийн энэ оны 3 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Германы төр засаг, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид багтсан бөгөөд айлчлалын үр дүнд хоёр орны хамтын ажиллагааны түвшинд тодорхой ахиц гарна гэж үзэж байгаа юм.

Тухайлбал, ТНБД Х.И.Фухтелийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах, мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих, Германы засаг захиргааны нэгжтэй түншлэлийн харилцаа хөгжүүлэх, хувийн хэвшлийн компаниудтай хамтарч ажиллах гэсэн дөрвөн чиглэлд илүү ойр ажиллах боломжтой болохыг онцолсон юм.

Элчин сайд Ц.Болор дээр дурдсан чиглэлээр Германы талаас үзүүлэх боломжтой дэмжлэг, туслалцааны талаар ГОУХАН-ийн удирдлага болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төлөөлөлтэй цаашид уулзаж ярилцахаар болов.