УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД “АЗИ-ГЕРМАНЫ БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ”-Д ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах болох Гадаад харилцааны сайд асан Л.Болд энэ оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан 2 дахь удаагийн “Ази-Германы Бизнесийн уулзалт”-д панелистаар оролцлоо. Бундестагийн гишүүн Марк Хауптманны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь Герман болон Азийн жижгэвтэр улс орнууд хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Учир нь Япон, БНСУ, БНХАУ зэрэг Азийн томоохон орнууд Германтай өргөн хүрээнд хамтран ажилладаг, Засгийн газар хоорондын олон механизмтэй, компаниуд хоорондын түншлэл ч эрчимтэй хөгжиж байдаг бол бусад улс орнуудын хувьд боломж дутмаг байдаг байна. Иймд Азийн бусад улс орнуудын төлөөлөгчдийг Германы улс төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор арга хэмжээг анх санаачилжээ.

Уг арга хэмжээг нээж Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер “Ази, Номхон далайн бүс нутаг дахь чөлөөт худалдаа: Бэрхшээл ба боломжууд” сэдвээр илтгэл тавилаа. Үүний дараагаар тус сэдвийн дагуу панел хэлэлцүүлэг явагдаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Тайланд улсын Худалдааны сайд Апиради Тантрапорн, Филиппин улсын Тээврийн сайд Артур Тугаде, Бруней Даруссалам улсын Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Пехин Ясмин нар оролцов. Оролцогчид Азийн бүс нутаг дахь чөлөөт худалдааны хэлэлцээр, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал, Германы аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж, бололцооны талаар оролцогчдод танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар товч мэдээлэл өгч, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн бодлогын талаар танилцуулав.

Уг арга хэмжээнд улс төр, хувийн хэвшил, холбоод, хэвлэл мэдээллийн салбарын 150 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд бизнес уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.asien-dialog.de/ хаягаар орж авна уу.