ЭЛЧИН САЙД Ц.БОЛОР “МИБА” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Элчин сайд Ц.Болор энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Инголштадт хотноо зохион байгуулагдаж буй “МИБА” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов. Үзэсгэлэнгийн нээлтэнд Бавари муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд Марсел Хубер, Инголштадт хотын дарга Кристиан Люзел, “МИБА” үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч Хайнрих Занднер нар оролцож үг хэлэв. Элчин сайд Ц.Болор нээлтийн үгэндээ монголын талаар зочдод товч танилцуулж, цаашид бүхий л чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.  

“МИБА” үзэсгэлэнгийн олны анхаарлыг татаж чадсан нэг хэсэг бол монголын стэнд болон “Хөх Монгол” хамтлагийн тоглолт байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон албаны төлөөлөгчид монгол гэрт зочлон идээний дээж амсаж, “Хөх Монгол” хамтлаг ая дууны мэндчилгээ өргөлөө. Үзэсгэлэнгийн турш монгол гэрт ноос, ноолууран бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа эрхлэх ба яруу найрагч П.Гангаамаа өөрийн бичсэн ном болон герман хэл рүү орчуулсан монголын уран зохиолын түүврээс сонирхуулав. Түүнчлэн сонирхсон зочдод монголын аялал жуулчлалын талаарх танилцуулга материал болон “МИАТ” компанийн сурталчилгааг толилууллаа.    

26 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнгийн 13 танхим бүхий 30 мянган м.кв талбайд 400 гаруй компани, албан байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож байна. Үзэсгэлэн нь 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс 9-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт 80 мянга орчим зочид хүрэлцэн ирж, худалдаа, үйлчилгээ, гар урлал, хүнс, барилга, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл, аялал жуучлал гээд олон салбарын компани, аж ахуйн нэгжүүдтэй танилцах боломжтой юм. Энэхүү үзэсгэлэн нь Регенсбург хотноо “ДОНА”, Швайнфурт хотноо “УФРА” нэртэйгээр жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг ба Бавари муж улсдаа Мюнхен, Нюрнбергийн үзэсгэлэнгийн дараа орох томоохон үзэсгэлэн юм.