НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД БЕРЛИН ХОТНОО АЙЛЧЛАВ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ оны 3 дугаар сард Европт хийж буй айлчлалын хүрээнд энэ сарын 24-ний өдөр Берлин хотод айлчиллаа. Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга, НЗД-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар зэрэг төлөөлөгчид багтсан болно.

Берлин хотод хийсэн айлчлалын эхэнд Нийслэлийн засаг дарга С.Батболд Берлин хотын хөгжлийн түүх, хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжилтэй танилцав.

Дараа нь Шөнефелд хотын захирагч ноён Удо Хаазе өөрийн хотын улс төр, эдийн засгийн тогтолцоог төлөөлөгчдөд танилцуулж сонирхуулав. Шөнефелд хот нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй 20-иод жилийн хугацаанд хамтын ажиллагааг идэвхитэй хэрэгжүүлж ирсэн билээ.

Берлин хотын Захирагчийн нэгдүгээр орлогч, Олон улсын харилцаа хариуцсан ТНБД хатагтай Савсан Чебли Нийслэлийн засаг дарга С.Батболд тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүнд, хот төлөвлөлт, нийтийн тээвэр болон Улаанбаатар хотын эрх зүйн зохицуулалтын чиглэлүүд хөндөгдөв. Мөн түүнчлэн Берлин хотын захирагч ноён М.Мюллерын энэ оны 7 дугаар сард Монгол Улсад хийх айлчлалын талаар ярилцав.