ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.ФУХТЕЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел өргөн бүрэлдэхүүнтэй айлчсан болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга И.Фухтелийг хүлээн авч уулзлаа.

ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш, бидний гуравдагч хөрш юм. Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлтийг ХБНГУ-ын Засгийн газар анхнаас нь тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд 350 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Мөн тус айлчлалын хүрээнд ноён И.Фухтел, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд Ц.Болор болон албаны хүмүүс Монгол-Германы ашигт малтмалын технологийн их сургуульд ажиллав. Хөтөлбөрийн дагуу ноён Фухтел болон хатагтай Б.Баярсайхан нар тус сургуулийн багш, оюутнуудтай хийсэн уулзалтад үг хэлж, сургуулийн номын сангаар зочлон эрдэмтэн багш нарын судалгааны ажил, хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцав.

Ноён Фухтелийн Монгол улсад хийж буй энэ удаагийн айлчлал өргөн хүрээг хамарч буй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжил болон дээд боловсролын салбарын шинэчлэлд бодит хувь нэмэр оруулсан өндөр ач холбогдолтой айлчлал болж байна гэж талууд дүгнэж байна.