СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрийн даваа гарагийн орой Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орж, олон хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг гарав. Энэ гэмт хэргийн улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна. Жолоодож явсан этгээд гэмт үйлдлийнхээ дараа зугтсан бөгөөд түүнийг ХБНГУ болон Европын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.

ХБНГУ болон ЕХ-ны орнуудад оршин суугаа болон ойрын хугацаанд зорчих, аялах зорилготой Монгол иргэд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа ханган, байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иргэн та зайлшгүй шаардлагагүй бол хүн олноор цуглардаг газар, худалдааны төв, үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал зэрэг газруудаар явахгүй байхыг зөвлөж байна.

Иргэн та өөрийн орны ЭСЯ-тайгаа холбогдон нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, шаардлагатай тохиолдолд дэмжлэг туслалцаа авах боломжтой.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ 2016 оны 12 дугаар сарын 22