МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.ВУЛЬФФ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон проф. Бернхардт Вульффыг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЭСЯ-ндаа хүлээн авч, Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, Монгол судлаач др. Ренате Борманн нар оролцлоо.

Монгол Улсын “Найрамдал” медалиар шагнуулж байсан проф. Б.Вульфф нь ХБНГУ-ын Фрайбург хотын Хөгжмийн их сургуульд багшилдаг бөгөөд 1998 оноос хойш Монголтой ойр дотно хамтарч ажиллаж байгаа билээ. Хөгжмийн зохиолч, удирдаач тэрээр залуу монгол уран бүтээлчидтэй хамтран Туурайн Төвөргөөн хөгжмийн фестивалийг анх зохион байгуулж, тус фестиваль нь өнөөг хүртэл амжилттай зохион байгуулагдсаар байгаа болно. Монгол улсын хөгжмийн өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн санд бүртгүүлэн хамгаалж, олон удаа монголын урлаг, соёл, уран бүтээлчдийг Европын улс орнуудын төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцуулан дэмжлэг үзүүлсэн зэрэг чухал ажлуудыг гүйцэтгэсэн, монголын ихэнхи хөгжмийн чуулга, байгууллагуудтай хамтран ажилладаг, Монголын Урлагийн Зөвлөлийн Олон улсын зөвлөх хорооны гишүүн болон Хөгжим Бүжгийн коллежийн хүндэт багш билээ.

Элчин сайд Ц.Болор проф. Б.Вульффд баяр хүргээд, монголын урлаг, түүх, ёс заншлыг германы олон нийтэд сурталчлах, улмаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхитэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.

Соёлын элч Б.Вульфф энэхүү хүндтэй үүргийг ирэх 5 жил дахин гүйцэтгэхээр байгаад чин сэтгэлээсээ баяртай байгаагаа илэрхийлээд Соёлын бусад элч нартай ойр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар ярив