Монголын баг анх удаа Белгер тэмцээнд оролцов

Вилли Белгерын нэрэмжит 13 дах удаагийн заалны хөл бөмбөгийн тэмцээн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Шөнефельд дүүргийн Гроссцийтен спортын цогцолборт зохион байгуулагдлаа.

Зохион байгуулагч Вилли Белгер тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Бид хөл бөмбөгийн түүхийг бичиж байна” гэсэн юм. Энэ удаагийн тэмцээний онцлог нь анх удаа Монголын хөл бөмбөгийн баг оролцож буй явдал юм.

Өнгөрсөн оны тэмцээнд монголчууд оролцох байсан боловч виз авахтай холбоотой бэрхшээл тулгарснаас оролцож чадаагүй аж. Харин В.Белгер тэднийг дахин урьснаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны дарга Д.Дорждулам Төмөр замчдын хөл бөмбөгийн клубын найман гишүүнийхээ хамт тэмцээнд ирэх завшаан олджээ.

Тэрээр “Манай баг энэхүү тэмцээнд оролцох боломж олдсонд их баяртай байна, мөн сэтгэл хөдөлж байна” гэлээ. Монголын багийг тэмцээнд оролцуулахын тулд уйгагүй хөөцөлдсөн Шөнефельдын захирагч др. Удо Хаазе ба тэмцээний зохион байгуулагч В.Белгер нарт тэрээр талархалаа тусгайлан илэрхийлсэн байна. Мөн ХБНГУ-Д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Тэгшжаргал тэдэнтэй уулзаж, монголын тамирчид тэмцээнд оролцсон явдалд баяртай байгаагаа хэлсэн байна.

Тэмцээнд Германы зургаа, Польшийн нэг, Монголын нэг, нийт найман баг оролцлоо. “40 гаруй насны тамирчид бид идэр залуу баг, хүчтэй өрсөлдөгчидтэй тоглох тул дээгүүр байранд орох боломжгүйгээ мэдэж байсан” гэж Д.Дорждулам хэлсэн юм.

Тэмцээн маш сонирхолтой болж, финалын тоглолтод Польшийн Будовлани КС Бидгошч (Budowlani KS Bydgoszcz) ба Германы Пройссен 07 Бланкенфельде (BSC Preußen 07 Blankenfelde) багууд таарч, хөгжөөн дэмжигчид маш идэвхтэй дэмжив. Энэ удаа Пройссен 07 Бланкенфельде баг 1:0 оноогоор ялж, гурван удаагийн аварга Будовлани КС Бидгошч багийн хожлын буухиаг зогсоож чадлаа. Тэмцээний шагнал 500 еврог зохион байгуулагч Вилли Белгер шинэ аваргуудад гардуулсан юм.

Зохион байгуулагчид “Дараа жилийн тэмцээнд монголын хүүхдүүдийн багийг оролцуулахдаа баяртай байх болно” гэлээ.

Foto: Klaus Lehmann
www.klausens.de