ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцов.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцов. Нийтдээ 70 орны салбар хариуцсан сайд, дэд сайд нар болон Олон улсын 4 байгууллага оролцсон энэхүү өндөр хэмжээний үйл ажиллагааны үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн хийсэн уулзалтуудын товч мэдээлэл.

Монгол улсын Засгийн газраас ХАА-н гол нэрийн бүтээгдэхүүнийг 100% дотооддоо үйлдвэрлэж, импортыг орлох зорилтыг тавин ажиллаж байна. Үүний хүрээнд ХАА газар тариалангийн салбарт ашиглагдаж буй нийт тоног төхөөрөмжийн 55%-ийг 2019 ондоо багтаан шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн охин компани болох "Ди Би Эм лизинг" ХХК-иараа дамжуулан ХХААХҮЯ-тай хамтран Герман улсын ХАА, газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагуудаас нийт 8.6 сая орчим ам.доллартай тэнцүү хэмжээний газар тариалангийн тоног төхөөрөмжийг Герман улсын АММАС зуучлагч компанитай хамтран худалдан авах, 2.1 сая ам.доллартай тэнцүү хэмжээний Ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2018 онд тус тус багтаан худалдан авахаар ажиллаж байна.

ХХААХҮ-ийн сайдын зүгээс Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон техник тоног төхөөрөмжийн сонголтонд анхаарч, завсар үйлчилгээг хариуцахыг хүсэж, тариалалт, хураалтын хоорондын хугацаа богино учир тоног төхөөрөмжийн сэлбэгийн нөөцтэй байх шаардлагатай. Иймд эвдрэл гарсан тохиолдолд тухайн машин тоног төхөөрөмжийг дор бүр нь буюу 24 цагийн дотор засварлах шаардлагатайг анхаарахыг хүслээ. Мөн оруулж ирэх тоног төхөөрөмжийн үнийн уян хатан байдалд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж буй банк (Commerz bank) болон даатгал (Euler Hermes)-ын байгууллагуудын нөхцөл (хүү, шимтгэл, хугацаа, бусад тусгай нөхцөлүүд гэх мэт)-ийг бууруулах, уян хатан болгох талаарх боломж бий эсэхийг судлахыг хүссэн юм. Герман улсын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн удирдлагууд хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд ХХААХҮ-ийн сайдын тавьсан хүсэлтийг судлан үзэж шийдвэрлэхээ илэрхийллээ.

НОГООН ДОЛОО ХОНОГ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ 100 МЯНГА ГАРУЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ОРОЛЦОВ

Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын Ногоон долоо хоног үзэсгэлэн яармаг, Дэлхийн Хөдөө аж ахуйн сайд нарын 10 дахь чуулга уулзалтад оролцов. 1926 оноос жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээний 83 дахь энэ удаагийн үйл ажиллагаанд дэлхийн 70 орны Хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж ажилладаг сайд, дэд сайд нар Олон улсын 4 байгууллага нэг дор цуглаж салбарынхаа ололт амжилт, шинэ санаачилга, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдээллээ солилцов.

Мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын олон улсын мэргэжилтнүүд нэг дор цугладаг ийм арга хэмжээг зөвхөн ХБНГУ зохион байгуулдаг учраас энэхүү үйл ажиллагааны үеэр томоохон үзэсгэлэн яармаг гарч, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийнхэн шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологи, бүтээгдэхүүнээ олон улсын мэргэжилтнүүдийн өмнө дэлгэж дэлхийн анхаарлыг татдаг юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 1600 оролцогч байгууллагын 100 мянга гаруй бүтээгдэхүүн оролцсон байна. Үзэсгэлэн яармагийг 400 мянга гаруй үзэгчид үзэж сонирхсон байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ БОЛГАР УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНС, ОЙН САЙД РУМЭН ПОРОЗАНОВТОЙ УУЛЗЛАА

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийн тухай хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Болгарын талын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдуулан хүлэмж барихад тавигдах техникийн нөхцөл, шаардлага болон ажлын төлөвлөгөөний саналыг манай улсаас Болгар Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн дэд сайд Цветан Димитровт гардуулан өгсөн байна. Үүний дагуу Болгарын талаас хүлэмжийн барилгын техник болон гааль, татварын талаар тодруулсан асуултыг бидэнд илгээсэн бөгөөд манай яам хариу өгөхөөр ажиллаж байна.

Хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл хэрэгжих гэж байгаатай холбогдуулан яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Болгараас хүлэмжийн мэргэжилтэнг Монголд томилон ажиллуулах, хүлэмжийн өндөр ургацтай, чанартай Болгарын үр сортыг Монголд нутагшуулах, үржүүлэх чиглэлээр хоёр орны Газар тариалангийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтарч ажиллах, Олон мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуй уламжлалаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах хүсэлтэй байгаа тул хүнс, хөдөө аж ахуйн салбарт Евро стандартыг нэвтрүүлэхэд Болгарын талаас техник туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Болгар улсын хөдөө аж ахуй, Хүнс, Хөдөө аж ахуй, Ойн сайд Румэн Порознав хамтын ажиллагаагаа улам батжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тавьсан хүсэлтийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хооронд хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд түншлэлийн баримт бичиг байгуулсан. Энэхүү түншлэл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Атрын гуравдугаар аян”, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр болон “Монгол мал” үндэсний хөтөлбөртэй уялдсан. Бидний хамтын ажиллагааны хүрээнд манай салбарт 2014 оноос техник тусалцааны 13 төсөл (13.985.401 ам доллар) хэрэгжсэн. Мөн 2018-2019 онд Хүнсний аюулгүй байдал, МАА, Газар тариалан салбарт техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх саналыг Монгол дахь ХХААБ-т ноён Аднан Куришид хүргүүлээд байна. Монгол Улс, НҮБ-ийн ХХААБ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрийн хүрээнд "Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн I, II шат амжилттай хэрэгжсэн. Цаашид энэ хөтөлбөрийн III шатыг эхлүүлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна гэлээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хоорондын түншлэлийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй техник туслалцааны төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, "Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн III шатыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын дарга Хосе Гразиано Де Силва, Монголын ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, монголын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбартаа баримталж байгаа бодлогыг сайшааж малын эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

http://mofa.gov.mn/exp/article/entry/955

Мэдээллийн эх үүсвэр: ХХААХҮЯ-ны цахим хуудас