Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын захидлыг гардуулав

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б. Мандахбилэг 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Берлин хотод томилолтоор ажиллаж, Бундестагийн гишүүн, Бундестагийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Петер Рамзауер, Бундестагийн гишүүн, Холбооны Сангийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга др. Михаел Майстер, Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грунд, Бундестагийн гишүүн, Германы бизнесийн залуу удирдагчдын холбооны Ерөнхийлөгч, JCI Germany байгууллагын Ерөнхийлөгч Александер Кулитц, Бундестагийн гишүүн Франк Мюллер-Розентритт болон Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Зүүн азийн эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Волфганг Штоппер нартай тус тус уулзаж ярилцав.

Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах Ажлын хэсгийн дарга Б. Мандахбилэг Холбооны сангийн яамны төв байранд Бундестагийн гишүүн, Холбооны Сангийн яамны парламентын ТНБД. др. М. Майстертай уулзах үеэрээ Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын захидлыг гардуулж, “хар жагсаалт”-аас хасуулахаар манай Засгийн газраас санаачлан хийж буй ажлуудыг Холбооны Сангийн яам дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.