Зул сарын болон Шинэ жилийн баярын мэндчилгээ

Герман Улсад сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд Та бүхэндээ болон герман найз нөхөддөө ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олноос Зул сарын баярын мэндийг хүргэж, Танд болон Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бид бүхэн 2017 оноо амжилт, бүтээлээр дүүрэн үдэж байна. ЭСЯ-наас жил бүр Оны шилдэг хамт олон, Онцлох хүн өргөмжлөлийг олгодог уламжлал тогтсон ба энэ онд эдгээрийг дараахь байдлаар тодруулсныг мэдэгдэхэд таатай байна. Үүнд:

- Мюнхен хотноо “Монгол хүүхэд, залуучуудын Соёл, урлаг, спортын II дугаар наадам” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан “Од” монгол сургуулийн хамт олныг “Нийгмийн идэвхитэй шилдэг хамт олон”-оор,

- гурван удаа дараалан Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд тэргүүлсэн Франкфурт хотын “SKY” эмэгтэйчүүдийн багийн хамт олныг “Эрүүл мэнд, спортын шилдэг хамт олон”-оор ба

- “Classic meets Steppe” сонгодог урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан “Mongolian Step” урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч Ц.-Р. Гэрлээг “Соёл, урлагийн салбарын онцох хүн”-ээр өргөмжлөв.