“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-АД ХБНГУ-Д ТӨРЖ ӨССӨН ХҮҮХДҮҮД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдийн дунд Монгол үндэстний эх хэл, түүх, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр дэлхий даяар явуулж дууслаа.

Дэлхийн өнцөг булан бүрээс 11-14 насны хүүхдүүдийн түвшинд нийт 75 хүүхэд оролцсоноос ХБНГУ-ын хүүхдүүд өндөр амжилт үзүүлж, З.Үүлэнгоо (Ингольштадт) I дүгээр байр, Б.Чанцалдулам III (Мюнхен) байрыг тус тус эзэлсэн байна.

“Эх түүхийн олимпиад”-ад шагналт байр эзэлсэн бүх хүүхэд өргөмжлөл, мөнгөн шагнал, худам монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг гардана. Тэргүүн байр эзэлсэн хүүхэд дээрх шагналуудаас гадна харгалзах хүний хамт Монгол улсад ирж байгалийн үзэсгэлэнт газар амрах эрхээр шагнуулна. Оролцсон бүх хүүхдэд “Талархал” гардуулна.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс З.Үүлэнгоо, Б.Чанцалдулам нартаа өндөр амжилт гаргасанд нь баяр хүргэж, цаашид улам их амжилтанд хүрч, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!

“Эх түүхийн олимпиад”-ад хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүд 11-14 нас, 15-18 насны гэсэн 2 түвшинд 50 асуулт бүхий цахим сорил бөглөж, эссээ бичиж өрсөлдлөө. 11-14 насанд 75 хүүхэд, 15-18 насанд 57 хүүхэд, нийт 132 хүүхэд оролцсон байна. Дараагийн олимпиадад оролцох хүүхдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.

“Эх түүхийн олимпад”-ад оролцсон бүх хүүхдийн шагнал, талархлыг Монгол Улсаас гадаад улсуудад Элчин сайдын яаманд албан ёсоор гардуулж өгнө. Уг олимпиадыг уламжлал болгон тогтмол явуулахаар төлөвлөж байна.