Элчин сайд Д.Ганбат Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яаманд танилцах уулзалт хийв

Элчин сайд Д. Ганбат энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны ТНБД др. Херманн Онко Айкенстай танилцах уулзалт хийв. Элчин сайд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдаад, 2018 онд хүнсний ногооны үр, сортын чанарыг дээшлүүлж, хөрс хамгаалал, эрсдэлийн менежментийн чиглэлээр олон ажил төлөвлөсөн байгааг товч танилцуулав. Дээрх ажлууд нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоогоо 100 хувь дотоодын нөөцөөр хангах зорилгод ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх талаар мэдээлэв.

ТНБД Х.О.Айкенс Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг “Ногоон долоо хоног” үзэсгэлэн болон “Хөдөө аж ахуйн сайд нарын чуулга уулзалт”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б. Батзоригийг оролцох хүссэн урилгыг Элчин сайдад гардууллаа.

Түүнчлэн Элчин сайд Д. Ганбат Германы органик, био хүнсний бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлж буй туршлагыг судалж, цаашид хамтран ажиллах талаар санал дэвшүүлэв. Монгол Улсын хувьд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор стратеги төлөвлөгөө гарган ажиллаж байна. Органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодис, бэлдмэлийн талаарх сургалтуудыг малчид, тариаланчдад тогтмол явуулах, бүтээгдэхүүний чанар, стандартад тавих шаардлага, баталгаажуулалтын тогтолцоог судлах, Монгол Улсад органик хөдөө аж ахуйн салбарын чуулганыг тогтмол зохион байгуулж байх зэргээр хамтарч ажиллах боломжтой талаар ярилцав.