Монгол Улсын Өргөмжит консулын 2017 оны ээлжит уулзалт боллоо

Монгол Улсын Өргөмжит консулуудын 2017 оны жилийн уулзалтыг энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хамбург хотноо зохион байгуулав.

Энэхүү уулзалтад Элчин сайд Д. Ганбат, Өргөмжит консул А. Питум /Dr. A. Pitum/, Д. Пфаил /D. Pfeil/, М. Раинберг /M. Reinberg/, Монгол Улсын Соёлын элч О. Оюунтуяа, С. Бадамхорол нар болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцов.

Уулзалтаар Өргөмжит консул болон Соёлын элч нарын 2017 онд хийсэн ажлын тайлан, 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт болон хот, мужууд хоорондын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэв. Элчин сайдын яамны зүгээс Өргөмжит консулын үйл ажиллагааг тогтмол заавар, зөвлөгөөгөөр хангаж ажиллахын зэрэгцээ Өргөмжит консулыг ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага болох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг санал болгов.