Элчин сайд Д.Ганбат “COP 23”-ын дагалдах хуралдаанд оролцов

ХБНГУ-ын Бонн хотноо энэ оны 11 дүгээр сарын 5-17-ны өдрүүдэд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 23 дугаар бага хурал” болж байгаа билээ. Бага хурлын үеэр Монгол, Мьянмар, Папуа Шинэ Гвиней улсууд хамтран “Тогтвортой хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ´REDD+´-ийн оруулах хувь нэмэр” сэдэвт дагалдах бага хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд Элчин сайд Д. Ганбат оролцож нээлтийн үг хэлэв.

Элчин сайд Д. Ганбат хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгааг дурдаад, НҮБ-ийн “REDD” хөтөлбөрийн үр дүн энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм. НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн павильонд болсон уг арга хэмжээнд Бразил, Монгол, Мьянмар, Папуа Шинэ Гвиней зэрэг түнш улсууд, Уур амсгалын ногоон сан, хандавлагчид, хамтран ажиллагч байгууллагууд нарын төлөөлөл 50 орчим зочид оролцов.

UN-REDD хөтөлбөр нь Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгисийн 64 түнш оронд хэрэгжиж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүсийн 19 орон багтаж байна. Монгол Улс нь тус хөтөлбөрөөс үндэсний хөтөлбөртөө санхүүжилт авсан умардын ой бүхий анхны орон юм. Хөтөлбөрийн зорилго нь хөгжиж байгаа орнууд дахь ойн хомсдол, доройтлоос үүдсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэж, тэдгээр орон дахь ой хамгаалал, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх юм.