Европ дахь монголчуудын XII дахь сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Монгол хүн – Монгол зүрх” уриан доор Вена хотод амжилттай зохион байгуулагдлаа

Европ дахь монголчуудын XII дахь сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотод “Монголын төлөөх зүрх бүхэнд” ТББ зохион байгуулж, нийт 12 орны 36 баг оролцов.

Сагсан бөмбөгийн аваргаар ХБНГУ-ын “Буяны сэтгэлт хүү” баг тодорч, нийт 5 удаа аварга цол хүртсэн ба Дархан аварга баг гэдгээ баталсан бол эмэгтэйчүүдийн “Скай” баг гурав дахь удаа аварга болжээ.

Мөн түүнчлэн ХБНГУ-ын “МонБер” баг мөнгөн медаль, “Соёмбо” баг хүрэл медаль хүртэж, германы монголчууд баяр хөөрөөр дүүрэн байв. ОХУ-ын “Мөнхтэнгэр” баг дөрөвдүгээр байрны эзэн болов. Шведийн Вант Улсаас ирсэн “Одын охидууд" баг мөнгөн медаль хүртэж, БНЧех Улсын “Money Polo” баг хүрэл медалийн эзэн болов.

Заалны хөл бөмбөгийн тэмцээнд Австри Улсын баг алтан медаль, Польш Улсаас ирсэн баг мөнгөн медаль, Чех Улсын баг хүрэл медаль тус тус авсан байна.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан болон дэмжсэн байгууллага, оролцсон бүх баг, тамирчдад Берлинд суугаа Элчин сайдын яамны зүгээс халуун баяр хүргэж, спортын улам их амжилт гаргахыг ерөөж байна.