Элчин сайдын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өнгөрлөө

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2017 оны 10 дугаар сарын 8-ны Ням гарагт анх удаа “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэдэд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, консулын үйлчилгээ шуурхай үзүүлэв. Арга хэмжээнд 150 орчим иргэд оролцов.

Тус өдөрлөгийн хүрээнд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй монголын төрийн бус байгууллагууд болон аж ахуй нэгж, компаниуд ЭСЯ-ны байранд өөрсдийнхөө талаар мэдээллийг иргэдэд мөн хүргэв. МИАТ ХК-ийн Берлин дэх салбар танилцуулга материал түгээж, иргэдийн лавлагаа, асуултад хариулав. Түүнчлэн МИАТ ХК-иар үйлчлүүлэх эрхийн сугалаа явуулж, азтан шалгаруулав. “Air Pacific” ачаа тээврийн компани азтангуудад ачаа төлбөргүй явуулах эрх олгожээ. МАК ХХК-ийн төлөөлөгч байгууллагынхаа талаар танилцуулав.

Төрийн бус байгууллагуудын зөвлөл нь 2018 оны 4 сарын 27-ны өдөр Берлин хотын захиргааны байранд болох “Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалтын талаар мэдээлэл хүргэж, өргөнөөр оролцохыг уриалав. Харин Монгол-Германы Эдийн засгийн клубын гишүүд өөрсдийн мэргэжил, үйл ажиллагааны чиглэлээр гүйцэтгэсэн ажил болон хамтын ажиллагааны боломжийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг хийв. “Цог” спортын клубын гишүүд идэвхитэй оролцож, өөрсдийн өмсгөл, авсан медалиудыг иргэдэд танилцуулж, монгол идээгээр дайлав.

Хамгийн бяцхан зочид болох “Ирээдүй” монгол сургуулийн сурагчид хүрэлцэн ирж, яамны үйл ажиллагаатай танилцаж, Элчин сайдтай сонирхолтой яриа өрнүүлэв. Сурагч M.Цангис ая дуу өргөж, нээлтийн ажиллагааг чимлээ.

Энэ үеэр явуулын хоолны газар монгол хуушуураар үйлчилснээр хүрэлцэн ирсэн зочдыг “наадмын” хуушуураар дайлав.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан байгууллагуудад ЭСЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлье.